Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ой тохиож байна

Сэтгүүлч
2020/09/17

   Монголын төрийг 44 жил тасралтгүй удирдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Шадар сайд Я.Содбаатар, УИХ, ЗГ-ын гишүүд, Монгол Ардын Намын, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар тэргүүтэй ажлын албаныхан, Удирдах Зөвлөлийн гишүүд, мөн Ю.Цэдэнбал академи болон Ю.Цэдэнбал агсны гэр бүлийн төлөөллүүд  түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Та бид Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан түүхт Ардын хувьсгалын 100 жил, XX зууны Монгол Улсын сэргэн мандлыг удирдан зохион байгуулагч Монгол Ардын Намын 100 жилийн ойн босгон дээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал даргын мэндэлсний 104 жилийн ойг тэмдэглэн, хөшөөнд нь цэцэг өргөж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна. Тархай бутархай хувийн аж ахуйтан давамгайлсан мал аж ахуйн орныг 40 жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуй хосолсон орон болгон хувиргах, хөгжүүлэх их үйлсийг Ю.Цэдэнбал толгойлон зохион байгуулсан нь түүхэн үнэн юм. Нийт улс үндэстний олсон ололт, хүрсэн амжилтыг нэг хүний нэртэй холбох нь өрөөсгөл хэдий ч чухамхүү тэр он цагуудад төр улсаа удирдаж байсан төрийн зүтгэлтний түүхэн үүрэг, гавьяаг орхигдуулж болохгүй. Нийгэм, улс төрийн тогтолцоог эрүүл саруул байлгах, авилгагүй нийгмийг төлөвшүүлэх, иргэн бүхэн нь хуулийн өмнө эрх тэгш шударга байж, хүн бүр орлоготой ажилтай байх нөхцөлийг бүрдүүлэх талаарх энэ хүний ухаалаг бодлогыг судлах нь одоогийн бидэнд нэн чухал байгааг тэмдэглэхийг хүсэж байна. Аль ч улс орны түүх, хөгжил дэвшилд алдаа, оноо ямагт дагалдаж байдаг нь жам билээ. Түүхэн замналаа үнэн зөвөөр дүгнэж, түүхээс сургамж авч, түүхийг бүтээгч сод хүмүүсийнхээ бахархалт жишээнээс суралцах нь бид болон хойч үеийнхний эрхэм зорилт байх учиртай. Монгол төрийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөдөлмөр тэмцэл, холч ухаан, гэгээн үйлс хойч үедээ ямагт үлгэр дуурайл болж, мөнхийн гавьяа нь эгнэгт дурсагдах болтугай" хэмээсэн юм.

Юмжаагийн Цэдэнбал (1916 - 1991) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүнЕрөнхий сайдМАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршалБНМАУ-ын баатархөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байжээ. Ю.Цэдэнбал нь Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 оронтой сайн санааны дипломат харилцаа тогтоох, ялангуяа бүс нутгийн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг  хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагад Монгол Улсаа элсүүлэхэд хамгийн томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

Мөн малчдыг хоршооллын том өмчийн эзэн болгох, хөдөөг гэрэл гэгээтэй, соёлтой болгох, атар газрыг эзэмшиж, гурил будааны хэрэгцээгээ өөрсдөө хангадаг болгох, говийг усжуулах, хангайг хашаажуулах замаар хөдөө аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэхэд томоохон эргэлт гаргасан билээ.