Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 30 000 ширхэг амны хаалт хийнэ

2020 Оны 2 Сарын 28

СOVID-19 буюу шинэ коронавирусийн дэгдэлт 2020 оны 2-р сарын 27-ны өдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улсад бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо хэдийнээ 80 мянга дөхжээ. Харин нас барагсдын тоо 2700 хол даваад байгаа юм.

Тэгвэл Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг, дүүргийн салбар холбоодын 100 мянга гаруй  гишүүдийнхээ хүчээр өөрсдөө амны хаалт хийх уриалгыг гаргалаа. Ингэснээр НАМЭХ-ны гишүүд санаачилгаараа стандартын шаардлага хангасан, хөвөн даавуун материалаар угааж ариутган дахин хэрэглэж болох амны хаалтыг хийж, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан шаардлагатай байгаа албан байгууллага, иргэдэд хандивлах ажлыг үндэсний хэмжээнд эхлүүллээ.

Ийнхүү НАМЭХ-ноос 21 аймаг 9 дүүргээ  амны хаалт хийх уриалгад нэгтгэснээр зөвхөн сар шинийн баярын эхний өдрүүдэд 5 000 ширхэг амны хаалт хийгээд байна. Цаашдаа энэ ажил улам эрчимжиж,  хийсэн амны хаалтаа аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагуудад хандивлах ажил хүрээгээ тэлнэ гэдгийг НАМЭХ-ны удирдлагууд хэлж байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал