Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой тохиож байна

2020 Оны 1 Сарын 13

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг “Үндсэн хуулийн өдөр” хэмээн Монгол Улсын Их Хурлаас хуульчилсан билээ. Энэ өдөр улс үндэстнийхээ түүхээр бахархах, Үндсэн хуульт ёсоо дээдлэх, ардчилсан Монгол Улсын иргэн нь, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь байгаагаараа омогших өдөр юм. “Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Төрийн өндөрлөгүүд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

 

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Б.Ундармаа, МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны удирдлагууд, МАН-ын Удирдах Зөвлөлийн ажлын албаныхан, МАН-ын ахмад гишүүд оролцлоо. 

 

Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа баталсан байдаг. 28 жилийн тэртээ 1992 онд Монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан нь шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө хийсэн түүхэн сонголт байв.

Үүнээс 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан анхны Ардчилсан үндсэн хууль болсон бөгөөд  нэгдүгээр сарын 13-ны энэхүү өдрийг “Үндсэн хуулийн өдөр” хэмээн нэрийдэж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Энэхүү зөв, мэргэн сонголтын үр шимээр өнгөрсөн 28 жилд Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт олон чухал дэвшил өөрчлөлт гарч, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурь бэхэжсэн билээ.

Ард түмний хүсэмжлэл, зорьсон зорилго, хүссэн ирээдүйдээ хүрэхийн тулд хоёр сарын өмнө бас нэгэн түүхэн сонголт хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадсан. Хорин жил яригдаж, гурван парламент дамнан өрнөсөн түүхэн чухал үйл хэргийг парламентаар 158 хоног тасралтгүй хэлэлцэн батлахад Монгол хүн бүхэн хувь нэмрээ оруулсан юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал