Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагналтнууд тодорлоо

2019 Оны 12 Сарын 25

Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ноос зохион байгуулдаг “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ жил 9 дэх удаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж өндөрлөлөө.   

Арга хэмжээг нээж НАМОХ-ны Ерөнхийлөгч Г.Батдорж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уламжиллаа.

НАМОХ-ноос жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын их, дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, өөрийн удирдах байгууллагад бодит хувь нэмэр оруулсан, тэргүүний оюутан, залуусыг шалгаруулж, олон нийтэд алдаршуулах зорилготой юм.

Нийт 30 их дээд сургуулиас 60 орчим материал ирүүлснээс мэргэжлийн ур чадвар, манлайлал, улсын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон байдал, өөрийн авьяас чадварыг дайчлан гаргасан биет бүтээлүүд, сурлага, урлаг, спортын амжилтууд зэргийг нь харгалзан үзэж дараах 9 номинациар оны шилдгүүдийг шалгарууллаа.

Үүнд:

  1. Нийгэм, олон нийт, хүмүүнлэгийн оны шилдэг оюутнаар Намхайн Ганбилэг
  2. Техник, технологийн оны шилдэг оюутнаар Ган-Эрдэнийн Мөнхжав
  3. Биеийн тамир, спортын оны шилдэг оюутнаар Ононбаатарын Хулан
  4. Санхүү, эдийн засаг, бизнесийн оны шилдэг оюутнаар Батбаярын Энхжаргал
  5. Соёл, урлагийн оны шилдэг оюутнаар Дарханбаатарын Хулан
  6. Анагаахын оны шилдэг оюутнаар Алтангэрэлийн Дөлгөөн
  7. Хууль,  зэвсэгт хүчний оны шилдэг оюутнаар Баттөгсийн Болор-Эрдэнэ
  8. Боловсролын оны шилдэг оюутнаар Шонхорын Анударь
  9. Хөдөө аж ахуйн оны шилдэг оюутнаар  Цэдэвжавын Дэлгэрмаа нар тус тус шалгарсан юм. 

Шилдэгээр шалгарсан оюутнуудад “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагнал болох цом, хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа. Түүнээс гадна сурлага, урлаг, спортын амжилт гаргасан 9 оюутанд  Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэрэмжит шагнал, гарын бэлгийг гардууллаа. Арга хэмжээ урлагийн тоглолтоор үргэлжилж, дурсгалын зураг татуулснаар өндөрлөсөн юм. 

НАМОХ энэ оны хугацаанд нийт 72 арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 42 мянган оюутанд хүрч ажиллажээ. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, ХНХЯ, Монгол Ардын Намын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Монгол тэмүүлэл” хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж нийт 19 мянган оюутан залууст мэргэжил сонголт, эрүүл мэндийн талаарх зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна.

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал