“Алхангаа ярилцъя” арга хэмжээ Хан-Уул дүүрэгт амжилттай боллоо

2019 Оны 12 Сарын 9

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Алхангаа ярилцъя” арга хэмжээ өнгөрсөн сард Баянгол дүүрэгт болж өндөрлөсөн.Өнгөрсөн амралтын өдөр буюу  12-р сарын 7-ны өдөр Хан-Уул дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Алхангаа ярилцаж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зорилготой уг арга хэмжээнд НАМЭХ-ны Нийслэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан, НАМЭХ-ны УЗ-ийн гишүүн Ш.Анхмаа, Д.Энхжаргал, В.Удвал, Н.Уртнасан, НАМЭХ-ны Хяналтын хорооны дарга Ш.Алтанчимэг, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Оюунзул болон Нийслэлийн НАМЭХ-ны Дэд тэргүүн Б.Баярцэцэг, ННАМЭХ-ны гүйцэтгэх захирал Ц.Буяннэмэх, ХУД-ийн Монгол Ардын Намын хорооны дарга ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХУД-ийн Монгол Ардын Намын хорооны гишүүд, ХУД-ийн Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчид оролцлоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүрэг, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд дүүргийнхээ өрх толгойлсон эхчүүдээ дэмжье, тусалъя гэж шийдсэн. ХУД-ийн хэмжээнд 2400 гаруй өрх толгойлсон эмэгтэй байдаг эдгээр иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа цаашид явуулах бодолтой байгаа” гэв.

НАМЭХ-ны Нийслэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан “Өвлийн ид хүйтэнд өөрсдийнхөө цаг завыг гаргаад өнөөдөр хүчээ нэгтгэхийн төлөө эмэгтэйчүүд дуу хоолойгоо гаргаж, алхангаа дүүргийн хөгжил цэцэглэлтийн төлөө юу хийж чадах, юу хийх ёстой вэ гэдгээ ярилцаж энэ хүртэл хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүддээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлж байна. Бид зөвхөн алхаад явах биш юм. Нэгдүгээрт алхангаа бид хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарал хандуулж байна. Хоёрдугаарт бид амьдарч буй дүүргийнхээ юу нь болохгүй байна, яаж шийдэж болох талаар гарц шийдлийг эрэлхийлж, шийдвэрт хүрч байгаа нь энэ алхалтын гол зорилго юм” гэдгийг тэрээр онцоллоо.

Энэхүү арга хэмжээнд ХУД-ийн 500 гаруй иргэд 2 цэгт цуглан өртөөлөн алхалтыг хийлээ. Тэд алхангаа ХУД-ийн Засаг дарга болон НАМЭХ-ны Удирдлагуудтай дүүргийн хэмжээнд тулгарч буй асуудлаа ярилцаж, санал бодлоо солилцов.

Үйл ажиллагааг НАМЭХ болон ХУД-ийн НАМЭХ, ХУД-ийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд энэ үеэр иргэдэд нэг цэгийн үйлчилгээг шуурхай хүргэж ажиллалаа. 

Хан-Уул дүүргийн хэмжээнд 2460 гаруй өрх толгойлсон эхчүүд амьдардаг. Эдгээр эмэгтэйчүүдээс 5 эмэгтэйг сонгон өргөө цагаан гэрийг гардуулж өгсөн юм. Мөн тус дүүрэгт ажилгүй 5500 орчим иргэд байдаг. Энэ үеэр ажилгүй эмэгтэйчүүдийг ажилд зуучлаж, дүүргийн иргэдэд тулгамдсан асуудлыг түргэн шуурхай шийдэж өглөө. Түүнчлэн Хан-Уул дүүргийн дарга Ж.Алдаржавхлан, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтарч ажиллах санамж бичгийг байгууллаа.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал