Монгол Ардын Намын дэргэдэх “Ахмадын холбоо”-ны 20 жилийн ойн баярын хурал болов

2019 Оны 11 Сарын 29

Анх 1999 онд Монгол Ардын Намын ахмад гишүүдийн санаачлагаар байгуулагдаж байсан “Ахмадын холбоо” энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байна.Түүхт ойг тохиолдуулан Монгол Ардын Намын дэргэдэх “Ахмадын холбоо” 20 жилийн ойн баярын хурлаа өнөөдөр хийлээ. Баярын хуралд Ахмадын холбооны гишүүд, МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны удирдлагууд оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар баярын хурлыг нээж хэлэхдээ ”МАН-ын дэргэдэх “Ахмадын холбоо” үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг намын ахмад гишүүд болон намын нийт журмын нөхдөдөө хүргэе. Монголын ахмад настныг асарч халамжлах асуудлыг төр, засгийн анхаарлын төвд байнга байлгаж, туслан дэмжих явдлыг манай холбооны нэг гол зорилт болгож, зохих үр дүн, амжилт гаргаж чадсан гэж үзэж байна.Тухайлбал сүүлийн гурван жилд “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого” боловсруулан хэрэгжүүлж, “Ач санах” хуулийг УИХ-аар батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” олгох болсон нь тэдний талархлыг зүй ёсоор хүлээж байна.Монголын Ахмадын холбоотой хамтран тэтгэвэр тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг 10 болтол буулгууллаа. “Ахмадын зөвлөх үйлчилгээ”-г бий болгож, хүүхэд залууст, ахмадын дадлага,туршлага, мэргэжлийн ур чадварыг өвлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажилд жил бүр 1000 орчим ахмадыг хамруулж байна. Аймаг сумдыг энэ ажилд жигд хамруулахад анхаарч, үр дүнд хүрч байна. Ахмад настны асаргаа үйлчилгээ, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээ өргөжиж, одоо 10 гаруй аймагт ахмадын ордон, өргөөтэй болоод байна. МАН-ын ахмад гишүүдийн мэдлэг, туршлага, чадварыг зөв зүйтэй ашиглах, улмаар нам, төрийн ажилд тэднийг оролцуулах талаар ажиллаж байгаа” гэдгээ онцоллоо.

Ахмадын холбооны 20 жилийн баяр зориулсан МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, У.Хүрэлсүх илгээсэн мэндчилгээ дэвшүүлэв.”Та бүхэн Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө цус, хөлсөө урсган мэдлэг чадвараа шавхан үр бүтээлтэй хөдөлмөрлөн өнөөгийн хөгжил дэвшлийн суурийг тавилцсан МАН-ын үе үеийн ахмадууд та нарынхаа намын дэргэдэх Ахмадын холбоонд нэгдэж, нам улс төрийн ноён нуруу, бааз суурь болж бодлого шийдвэрийг дэмжин түмэн олонд түгээж, улс төрийн байр сууриа хамгаалан бэхжүүлэхэд тань оруулсан хувь нэмрийг халуунаар талархан, та нарын ахмадын холбоонд нэгдсэн 20 жил бичилцэж байгаа түүхт ойн баярын мэндийг дэвшүүлье. МАН-ын Удирдах зөвлөл, Ахмадын холбооныхоо санал санаачлагыг үргэлж дэмжин хамтран ажиллаж олон талын ажлуудыг зохион байгуулж ирсэн билээ. Ахмадуудынхаа ажил амьдрал, эрүүл мэндэд байнга санаа тавьж, ахмадуудаа амралт сувилалд байнга хөнгөлөлттэй үнээр амраах, төрийн хишиг хүртээх, нийтийн тээвэрт үнэгүй зорчуулах, эмийн хөнгөлөлт үзүүлэх, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд нь эрүүл мэндийн даатгалд хамруулан эмчилгээний мөнгийг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээг нийт улс орон даяар хэрэгжүүлж байна. Улс орны ойрын хугацааны зорилтын хэрэгжүүлэхэд ахмадууд та нарын туслалцаа оролцоо юу юунаас илүү чухал юм. Ялангуяа та нарын амьдралын туршлага, ажлын ур чадвар, ажил хэрэгч бүтээлч, санаачлага, өндөр ухамсар, шулуун шударга зан чанарыг хойч залуу үед өвлүүлэн үлдээхэд намын бодлого төрийн шийдвэрийг чиглүүлэн ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэн багш шавийн зарчмаар үр хүүхдийн ажлын байранд залуучуудыг дагалдуулж сургах, тэдэнтэй төрийн оролцоогоор гурвалсан гэрээ байгуулан ажиллахад нь нам бодлогоороо дэмжиж оролцоно” гэв.

Баярын хуралд Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл оролцож ахмад буурлууддаа хандан мэндчилгээ дэвшүүллээ. 

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл ”Монгол Ардын Намаар овоглож, өөрсдийн ухамсарт хүмүүний амьдралаа эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ирээдүй хойчынхоо сайн сайхны төлөө зориулсан та бүхнийхээ гавьяа, хөдөлмөр, зүтгэлийг үнэлж баршгүй юм. Монгол улсын Засгийн газраас ахмадууддаа зориулсан олон талт үйл ажиллагаа хийж хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн сайдын хувьд төрөөс ахмад настнууддаа  үзүүлдэг эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, чанаржуулах зорилгоор хийгдэж буй бодлого, шийдвэрээс танилцуулахад: Монгол Улсын хүн ам насжиж байна. Нийт хүн амд ахмад настны эзлэх хувь өнөөдөр 6.4 хувь байгаа бол 2030 онд 12.0 хувь, 2050 онд 21.1 хувьд хүрэх төлөвтэй байна. Иймд эрүүл насжилт, настны эрүүл мэндийн чиглэлээр үе шаттай бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Манай улсын дундаж наслалт 2018 онд 70.1 болсон ба өмнөх оныхоос 0.3 пунктээр нэмэгдсэн бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.7, эрэгтэйчүүдийнх 66.1 болсон байна.Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль 2016 оны 04 дүгээр сарын 22-нд батлагдсанаар урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудыг шинээр байгуулахаар тусгасан. Тухайлбал, сэргээн засах төв, сувилахуйн төв, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулж батлуулаад байна. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/517 дугаар тушаалаар настны эмнэлзүйн 5 зааврууд /“Настны сэтгэл гутрах эмгэгийн эмнэлзүйн заавар”, “Насны доройтлын үнэлгээний заавар”, “Настны шээс алдрах эмгэгийн эмнэлзүйн заавар”, “Настны баас хатах шинжийн эмнэлзүйн заавар”, “Олон мэргэжлийн багийн тусламж үзүүлэх заавар”/-ыг батлан хэрэгжүүлснээр настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна” гэсэн юм.

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны 20 жилийн ойг тохиолдуулан Ахмадын холбоонд үнэтэй хувь нэмэр оруулсан Ахмадын холбооны анхны Ерөнхийлөгч Л.Лантуу, Анхны Дэд Ерөнхийлөгч Т.Содной, Анхны Ерөнхий Нарийн бичгийн дарга Т.Дашдэлэг, Хөвсгөл аймаг дахь Ахмадын хорооны дарга Ч.Доржготов, Увс аймаг дахь намын дэргэдэх Ахмадын холбооны дарга Л.Чагнаа, Өвөрхангай аймгийн намын дэргэдэх Ахмадын холбооны дарга Л.Төмөрбаатар, Сэлэнгэ аймгийн намын дэргэдэх Ахмадын холбооны дарга Д.Бадарч, БЗД-ийн намын дэргэдэх Ахмадын холбооны дарга Б.Төмөрбат болон МАН-ын Ахмадын холбооны улс төрийн ажилтан Ц.Доржготов нарыг шагнаж урамшуулсан юм.

МАН-ын дэргэдэх Ахмадын холбоо нь 21 аймаг, 9 дүүрэг хороонд салбартай бөгөөд 30 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Ахмадын холбооны баярын хуралд нийслэлийн 9 дүүргээс 650 гаруй ахмад оролцов

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 416 дугаар тогтоолоор “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 2014-2020 онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээгээр 2014-2017 онуудад улсын төсвөөс 554.0 сая төгрөг төсөвлөгдөн зарцуулжээ.  Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” шинэчлэн батлагдсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, хамгаалах зорилтын хүрээнд 3 чиглэлээр 14 үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал