"Бууны сумыг буцааж болдоггүй" түүхэн уран сайхны киноны нээлт болов

2019 Оны 11 Сарын 15

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол кино нэгтгэл”-ийн бүтээсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” түүхэн уран сайхны киноны  нээлт 2019 оны 11-р сарын 14-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Монголын Ардын армийн захирагч бөгөөд Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч, Монголын ард түмний дунд "Алаг морьт Дандар баатар" гэх нэрээрээ алдаршсан Монголын цэргийн зүтгэлтэн Лодонгийн Дандарын бодит түүхээс сэдэвлэсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” түүхэн уран сайхны киноны зохиолыг Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, СГЗ Б.Догмид бичиж, “Монгол кино нэгтгэл”-ийн захирал МУГЗ кино найруулагч Ж.Солонго, МУСТА найруулагч Л.Дэлгэрбаяр нар ерөнхий найруулагчаар ажилласан байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ  “Агуу их тусгаар тогтносон улсыг байгуулахад бидний өвөг дээдэс алтан амиа, бүлээн цусаа, амь насаа, хүч хөдөлмөрөө хөлсөө дуслуулан байж энэ ардчилсан Монгол орныг та бүхэнд авчирч өгсөн. Асар их хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон зүйл бол ТУСГААР ТОГТНОЛ юм. Улс орныг хууль цааз, засаг захиргаагаар, соён гэгээрүүлэх ажлаар засаглаж авч ирсэн түүхтэй. Монгол Улсын Засгийн газраас Монголынхоо кино урлагыг бүх талаар дэмжинэ. Кино урлагт хоёр зүйл хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт төрөөс кино урлагт баримтлах бодлого хэрэгтэй, хоёрдугаарт кино урлагаа хөрөнгө санхүүгээр дэмжих ёстой. Энэ жилийн улсын төсөвт Монголын кино урлагыг дэмжих сан байгуулж улсын төсөвт 10 тэрбум төгрөг суулгаж байгаа. Энэ санг цаашдаа улам баяжуулж хөгжүүлнэ”хэмээн онцоллоо

"Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жил"-ийн ойд зориулсан уг киног ард түмэндээ “Алаг морьт баатар” хэмээн алдаршсан Гарамгай баатар Лодонгийн Дандарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. 1939 оны Халх голын байлдаанд Л.Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчдаг байсан нь Монгол Зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй Япончуудын дунд түүнийг ихэд алдаршуулсан гэдэг.

Төрийн соёрхолт, Ардын уран зохиол, СГЗ Б.Догмидын зохиолоор бүтсэн уг киноны гол дүр болох Л.Дандарын дүрд залуу жүжигчин Ж.Алтаншагай тоглосон байна. Уг киногоор дамжуулан их түүхийг бүтээлцсэн цэрэг эрс, баатаруудаа бид мартах ёсгүй, хойч үедээ сануулж тэдний алдар гавьяаг үргэлж дурсан санаж явах учиртайг харуулахыг зорьсон байна. Түүнчлэн эх оронч үзлийг залуучуудад төлөвшүүлж, түүхийг гуйвуулахгүй үнэн хэвээр нь авч үлдэхийг зорьжээ.

Лодонгийн Дандар баатрын амьдрал тэр чигээрээ гуниг баярын сүлжээс, гутрал баяслын хэлхээс байсан бөгөөд цэл залуугаараа хорооны дарга болж хурандаа цол хүртэж, БНМАУ-ын баатар болсон түүнийг хар цагаан атаархал, хорсол занал, хардалт сэрдэлт завсаргүй дагаж байсан гэдэг. 1946 онд Л.Дандарыг цэргийн гэмт хэрэг өдүүлсэнд тооцож 10 жилийн хорих ялаар шийтгэж баатар цол, гавьяа шагналыг нь хурааж байж. Харин БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1964 оны 9-р сарын 29-ний өдрийн 172-р зарлигаар цагаатгаж, Л.Дандарт БНМАУ-ын гарамгай баатар цол бүх одон медалиудыг нь буцаан олгожээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал