МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чиний боловсрол- Монголын ирээдүй” уулзалтад оролцов

2019 Оны 10 Сарын 31

“Чиний боловсрол- Монголын ирээдүй” уулзалтад 1200 гаруй оюутан оролцлоо

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюутан залуустай чөлөөт уулзалт хийлээ. Соёлын Төв өргөөнд болсон “Чиний боловсрол-Монголын ирээдүй” сэдэвт уг уулзалтад их, дээд сургуулиудын манлайлагч шилдэг оюутнууд ирсэн байлаа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс боловсролын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, оюутан залуусын эрх ашиг, хүсэл эрмэлзэлд тулгуурласан санал, санаачлагыг төрийн бодлогод тусгах,  тэдний сурч боловсрох нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор  “Чиний боловсрол-Монголын ирээдүй” нэртэй уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуучуудтай илэн далангүй ярилцаж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо.

2019-2020  оны хичээлийн жилд нийслэл хотод л гэхэд 210 мянга орчим оюутан залуус суралцаж байна. 

Арга хэмжээний эхэнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар их, дээд сургуулиудын орчин үеийн шинжлэх ухааны оргил бүтээлүүдийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Оюутнууд юу хийж бүтээж чадахаа харуулсан тус үзэсгэлэнд 15 их, дээд сургуулийн оюутнууд 70 гаруй бүтээлээ дэлгэсэн байна.

Энэ үеэр мөн Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилладаг 34 улсын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг өгөх болон БСШУСЯ-ны харьяа “Боловсролын зээлийн сан Оюутны хөгжлийн зээл”-ийг газар дээр нь олгох үйлчилгээнүүд явагдсан юм.

“Чиний боловсрол-Монголын ирээдүй” чөлөөт уулзалтаар Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюутанд зориулсан лекцээ уншсан.  Тэрээр оюутан залууст хандан “Хүн байна гэдэг ёс суртахуунтай байхыг хэлдэг.  Боловсролтой байх хэрэгтэй, мэргэжилдээ эзэн байх ёстой. Хүнийг хайрладаг нандин сайхан сэтгэлийг бие сэтгэлдээ шингээсэн байх ёстой гэдгийг  залуустаа аминчлан захихын зэрэгцээ улс эх орноо хөгжүүлэх зүрх сэтгэлтэй зөв явахын чухлыг онцлон, хөгжлийн талаарх үзэл бодлоо хуваалцсан юм.

“Монгол улсаа маш богино хугацаанд бид хөгжингүй улс болох ёстой. Та нар бол шилдэг тэргүүний оюутнууд. Энэ улс орныг цааш нь авч явах ирээдүйн сэхээтнүүд энэ зааланд сууж байна.  Улс орны хөгжил дэвшил, ирээдүй та бүхнээс шууд шалтгаална. Эх орноо хөгжүүлэхэд таван зүйл дээр анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, Тусгаар тогтносон Монгол Улсыг тусгаар тогтносон байдлаар нь цааш нь авч явахад эрчим хүчээ эх орондоо үйлдвэрлэх ёстой. Хоёрдугаарт, эх орондоо нефтээ үйлдвэрлэх. Гуравдугаарт, эрүүл хүнсээр эх орноо хангах, дөрөвдүгээрт, дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Харин тавдугаарт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн асуудал чухал юм. Мэдээлэл технологи, хиймэл оюун ухааныг  Монголдоо маш сайтар хөгжүүлэх ёстой. Энэхүү  таван асуудлыг бид эх орондоо шийдэж чадвал бусад бүх зүйл аажмаар дагаад хөгжинө. Мэдээж энэ бүхэнд та  нарын минь  мэдлэг боловсрол, ур чадвар хамгаас чухал гэдгийг эцэст нь хэлье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын илтгэлтэй холбогдуулан оюутан залуучуудын төлөөлөл асуулт асууж, хариултаа авлаа

Энэхүү уулзалтад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын удирдлага, багш, оюутнуудын төлөөлөл, мөн тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР