“Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлав

2019 Оны 10 Сарын 31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлав

Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, хандив, тусламжид хамруулан санхүүжүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд:

-  Ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах

-  Эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлэх

-  Ахмад настны чадамжийг дэмжих

-  Амьдрах орчин, нөхцлийг нь сайжруулах чиглэлээр 62 арга хэмжээ хэрэгжүүлэх юм.

Манай улсын 60 ба түүнээс дээш настны хүн амын нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9, 2050 онд 21.1 хувьтай тэнцэх магадлалтай байна.   

Товч мэдээ

-  БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулсантай холбогдуулан тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлагын мэдээллийг сонсов. Дээрх байгууллагууд өнгөрсөн наймдугаар сараас үүнийг хяналтандаа авсан бөгөөд аль болох богино хугацаанд шалгаж дуусгахаар ажиллаж байна. БНХАУ-ын иргэд аялал жуулчлал, бизнес эрхлэх визээр 20-30-аараа хил нэвтэрч орж ирсэн. Тэднийг шууд хорих боломжгүй учир байрлаж байсан буудалд нь байлгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийг зохион байгуулсан Монгол Улсын нэг, БНХАУ-ын дөрвөн иргэнийг баривчлан саатуулжээ.

-  Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчид үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгохыг судалж үзэхээр болов.

-   Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг шинэчлэн төсөвт багтааж, 2020 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлэх, нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг шинэчлэн баталж 2021 оны төсөвт тусгахаар боллоо.  

-  Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож мөнгөн урамшуулал олгож байгаа. Үүнийг өөрчилж 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгож байхаар шийдвэрлэв.

-  Спортын салбар, тамирчид, өсвөр үе, залуучуудад допингийн эсрэг сургалт зохион байгуулах, сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнгийн менежмент хийх чиг үүргийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг зөвшөөрөв. 

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР