НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д. Сарангэрэл сонгогдлоо

2019 Оны 10 Сарын 21

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүүдийн Холбооны /НАМЭХ/ ээлжит VII чуулган Тусгаар Тогтнолын ордонд болж тэргүүнээ сонголоо. НАМЭХ-ны энэ удаагийн хуралд  нийслэл, орон нутгийн 400 гаруй төлөөлөгч оролцсон юм. Монгол Ардын Намын дүрмийн дагуу Монгол Ардын Намын дарга У. Хүрэлсүх НАМЭХ-ны Ерөнийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд заалнаас Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн. Хуралд оролцсон таслах саналын эрхтэй 317 гишүүдийн 75,5 хувийн саналаар 95 жилийн түүхтэй Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХ-г УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ирэх 4 жилд удирдан ажиллахаар боллоо.

Монгол Ардын Нам 212 мянган гишүүнтэй бөгөөд үүний 50 орчим хувь нь эмэгтэй гишүүн. Тиймээс тус байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өргөн болохыг чуулганд оролцогчид онцолж байлаа. 25 жилийн түүхтэй НАМЭХ-ны ээлжит VII чуулганыг Монгол Ардын Намын XXVIII Их хурлаас хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол бүхий хурал юм. НАМЭХ-ны ээлжит VII чуулганд Монгол улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намыг дарга У. Хүрэлсүх оролцож, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, сонгуульт байгууллага, намаас санал болгон томилдог, сонгогддог албан тушаалтны 25 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байх заалттай байсныг Монгол Ардын Намын XXVIII Их хурлаараа 30 хувь хүргэж ахиулан тусгахыг онцолсон юм. Мөн “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Ардын Намаас нэр дэвшсэн 12 УИХ-ын эмэгтэй гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь манай намын дүрмийн заалт бодитойгоор хэрэгжиж байгаагийн илэрхийлэл.Нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын засгийн газраас хүчин чармайлт гарган ажиллаж байна. Үүнд УИХ тодорхой бодлогын шийдвэрийн хууль тогтоомжийг батлан хамтран ажиллаж байгаа. Засгийн газраас хүн амаа өсөн нэмэгдүүлэх “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгож байна. Мөн гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал тутам тэтгэмж олгож байгаа зэрэг нийгмийн чиглэлийн олон арга хэмжээг УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн гэр бүл бат бэх, аз жаргалтай байх нөхцлийг бүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, халамж, туслалцаа шаардлагатай иргэдэд төрийн бодлогыг чиглүүлэхэд төрийн эрх барьж буй улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гол анхаарлаа хандуулан ажиллах ёстой” гэв.

Монгол Ардын Намын дүрмэнд намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын удирдлага, холбооны тэргүүнд намын дарга нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Тиймээс Монгол Ардын Намын дарга У. Хүрэлсүх Монгол Ардын Намын дэргэдэх  төрийн бус байгууллага, холбоодын НАМЭХ-ны Ерөнхийлөгч бол намын даргатай ойр дотно хамтран ажиллах ёстой. Эдгээр байгууллага намын даргын гаргасан бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамт олноо удирдан зохион байгуулах үүрэгтэй, хариуцлагатай албан тушаал юм. Хамт олныхоо эв нэгдлийг сахиж, намынхаа эрх ашийг дээдэлж ажиллах нь эдгээр байгууллагын үүрэг” гээд Монгол Ардын Намын дүрмэнд заасан эрхийн дагуу намын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлсэн юм.Харин Сангийн дэд сайд Х. Булгантуяа заалнаас өөрийн нэрээ дэвшүүлж өрсөлдлөө.

НАМЭХ-ны ээлжит VII чуулганд оролцсон таслах саналын эрхтэй 317 гишүүдийн 75,5 хувийн саналаар Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХ-г УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сонгов.

НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр 2011 оноос УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сонгогдон ажилласан. Харин 2014 оны ээлжит IV чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Ерөнхийлөгчөөр сонгосон бөгөөд  тэрбээр 5 дахь жилдээ ажиллаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд тус байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өндөр хэмжээнд өргөн цар хүрээтэй хөгжсөн, дэлхийн 20 гаруй улстай хамтран ажиллаж байна. НАМЭХ-ноос манлайлагч эмэгтэйчүүдийг бүх шатны сонгуульд бэлтгэх, чадавхжуулах талаар үе шаттай арга хэмжээ авч ажилласны дүнд 2016 оны сонгуулиар УИХ-д 12 эмэгтэй гишүүн сонгогдож, аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд үнэмлэхүй ялалтыг байгуулан түүхэн амжилтыг үзүүлсэн юм.

Мөн Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII чуулганаар холбоооны дүрмээ баталж, Бага хурлын 125 гишүүн, 39 Удирдах Зөвлөлийн гишүүн, 9 Дэд Ерөнхийлөгчтэйгээр ажиллахаар болов.   

Ийнхүү НАМЭХ-ны ээлжит VII чуулган өндөрлөлөө. Үүний дараа НАМЭХ-ны Анхдугаар Бага хурал хуралдаж Удирдах Зөвлөлийн гишүүд, Дэд Ерөнхийлөгчдөө сонгов.

НАМЭХ-ны Дэд Ерөнхийлөгчид:

Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг

Нийслэл хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр Төрийн банкны орон нутгийн салбарын удирдлагын хэлтсийн захирал Л. Амгалан

Олон нийт төрийн бус байгууллагын түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа

Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг

Хүний нөөц, сургалт судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Сэтгэл судлалын доктор Ц.Нацагдолгор

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг

Эдийн засаг, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МУИС-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор Ч.Ундрам  

Орон нутгийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Монгол улсын Ерөнхий Аудиторын орлогч асан С.Оюунбилэг

Хэвлэл мэдээлэл,  цахим бодлого хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын Хэвлэл мэдээлллийн газрын дарга А.Энхзул нар сонгогдлоо

Түүнчлэн  НАМЭХ дэргэдээ Бодлогын зөвлөлтэй ажиллахаар тогтсон. Тус Бодлогын Зөвлөлийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүлэх бөгөөд гишүүдэд Дэд сайд Ч.Булгантуяа,Л.Бямбасүрэн, Н.Батцэцэг тэргүүтэй дэд сайдууд ажиллах юм. Бодлогын Зөвлөл нь НАМЭХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүддээ зөвлөх төдийгүй нийгэмд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх асуудлуудад эрдэм оюунаа харамгүй зориулна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал