МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН МЭНДЧИЛГЭЭ

2019 Оны 10 Сарын 20

Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ 1945 оны бүх ард түмний санал хураалт явагдсан түүхэн өдрийн мэнд дэвшүүлье.

1945 оны энэ өдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч туурга тусгаар улс гэдгээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. 1945 оны 10 сарын 20-нд явагдсан бүх ард түмний санал хураалт бол улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө явуулсан, олон жилийн нөр их тэмцлийн эцсийн үр дүн байлаа.

1945 оны 9 сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76-р хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулах” тогтоолыг баталсан юм.
Өргөн уудам газар нутагтай, тээвэр холбоо хөгжөөгүй, утсан харилцаа байхгүй, бичиг үсэгт тайлагдсан хүн ам цөөн байсан хэцүү цаг үед бүх нийтийн санал хураалтыг сар хүрэхгүй хугацаанд явуулах хүнд хэцүү үүрэг Монголын төрд ногдсон билээ.
Тухайн үеийн төр засаг, МАХН (MAH)-ын удирдлагаас санал хураалтанд иргэдийг идэвхтэй оролцуулахын тулд улс даяар ухуулга сурталчилгааны том кампани өрнүүлсэн билээ. Санал хураалтын өмнө орон даяар малчин ард, сэхээтэн, ажилчид, үйлдвэрчний ба олон нийтийн байгууллагын 10282 хурал цуглаан зохион байгуулж, тэдгээрт 586,122 хүн оролцсон байдаг. Мөн ухуулга таниулгын олон материал хуудас, ярианы сэдэв, наах хуудас зэргийг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт түгээн тарааж, ухуулгын ажлыг айл өрх, сум, баг, албан газар бүрээр хийж байлаа.

Ингээд 1945 оны 10 сарын 20-нд бүх ард түмний санал хураалт өглөөний 6 цагт эхэлж 18 аймаг, Улаанбаатар хот, цэргийн ангиуд, Хязгаарын цэрэг, 3ХУ-д сурч ажиллаж байсан хүмүүсийг оролцуулан 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6% нь оролцож, бүгд тусгаар тогтнолоо баталсан юм.

Ийнхүү түүхийн эгзэгтэй цаг үед Монгол улсын тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх бүх ард түмний санал хураалт зохион явуулах хариуцлагатай
үүргийг тухайн үеийн MAXH (MAH), төрийн удирдлагууд амжилттай гүйцэтгэж чадсан билээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал