Баянгол дүүргийн Монгол Ардын Намын II-р байр ашиглалтанд орлоо

2019 Оны 9 Сарын 14

Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар санаачлагаараа намын гишүүдийнхээ төдийгүй дүүргийнхээ иргэдийг хөгжих, амрах боломжоор хангагдах өдөр тутмын үйл ажиллагаанд зориулж таван айлын  газрыг худалдан авч 2600 м.кв талбайд намын шинэ байрыг богино хугацаанд барьж өнөөдөр ашиглалтанд орууллаа.

Монгол Ардын Намын хорооны 2-р байрны нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон Монгол Ардын Намын газрын дарга нар оролцсон юм. 

Шинэ байрны нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ “ Дүүргийнхээ намын хорооны ажлыг хийж, дүүргийнхээ, намынхаа үйл ажиллагааг идэвхитэй байлгахын төлөө хичээл зүтгэл гаргаж, өнөөдөр энэхүү байрыг ашиглалтанд оруулж байгаа Ж.Ганбаатар даргаар ахлуулсан Баянгол дүүргийн намын хороо, тэргүүлэгчид, намын хорооны гишүүд та бүхэнд дахин баяр хүргэж байна. Үйл ажиллагаа явуулахад нэн чухал хэрэгцээтэй, намын, улс төрийн ажиллагаа идэвхитэй явах, боломж нөхцлийг хангасан, ялангуяа төвөөсөө алслагдаж байгаа, гэрийн хорооллуудынхаа, анхан шатны намын хороодын үйл ажиллагааг хангаж өгч байгаагаараа онцлогтой ажил болж байна. Энэ байрыг ашиглаж, Баянгол дүүргийн анхан шатны 4 намын хороо, 16 үүрийн үйл ажиллагаа идэвхитэй сайн явж чанар нь дээшилнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. ” хэмээн онцлов.

Харин Баянгол дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлэхдээ “ Монгол Ардын Намын шинэчлэгдсэн дүрмийн дагуу, Баянгол дүүрэг 23 хорооны намын хороотой, 106 үүртэй болж өөрчлөгдсөн байгаа. Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 2-р шинэ байр 730 м.кв бүхий хоёр давхар обьект бөгөөд дөрвөн намын хороо, хорооны намын хороо, 15 үүр, оюутан залуус, эмэгтэйчүүд, ахмадууд байрлах өрөө, хурлын заал зэрэгт үйл ажиллагаагаа явуулна” гэлээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал