"Хэлмэгдэгсдийн хөшөө"-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2019 Оны 9 Сарын 10

Өнөөдөр  Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, Монгол Улсын Их Хурлын Дарга Г. Занданшатар,Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүх, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан болон газар, хэлтсийн дарга нар, Ажлын албаны төлөөллүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

 Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянган иргэн өртсөнөөс одоогийн байдлаар 31263 иргэний нэр төрийг сэргээж, Улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгаад байна.

Хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 1-р сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулснаар, цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээж авах хугацааг 2020 оны 12-р сарын 31 хүртэл сунгаж, Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар  шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40 сая төгрөг тус тус олгохоор тусгасан байдаг. 

Одоогийн байдлаар энэ заалтын хүрээнд 794 хүнийг өдөр тутмын сонинд зарлаж, нөхөн олговорт 3,2 тэрбум төгрөгийг олгоод байна. Мөн 1990 оноос хойшхи хугацаанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор улсын хэмжээнд суварга 105, хөшөө 56, нэрэмжит газар, гудамж талбай, байгууллага 66, гэрэлт самбар 28, дурсгалын багана 31-ийг тус тус бүтээн байгуулаад байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал