Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ

2019 Оны 8 Сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр

Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар

Завхан аймгийн Дөрвөлжин сум Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, 

Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр

Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөхнуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Мөн төслөөр Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын  3090.16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж хилийн заагт өөрчлөлт оруулна.  

Эдгээр газар нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр тусгай хамгаалалтай газар нутгийн талбайн хэмжээ 31,461,221 га байсан бол эдгээр газрыг шинээр болон өргөтгөлөөр авснаар 32, 759, 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20,94 хувийг эзлэх юм.   

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарт үүрэг болголоо.

Жуулчин хүлээж авах өнөөгийн ор/хоногийн даацыг тооцвол манай улс өдөрт 72 мянган жуулчин, энэ нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал зуны гурван сард 1,6 сая гадаадын жуулчин хүлээж авах боломжтой. Гэсэн хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн туршид Монголд ирж буй жуулчдын тоо 400 гаруй мянгад хэлбэлзсээр байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг нь тус салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, бус нутаг бүрт аялал жуулчлалыг жигд хөгжүүлэх, олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгджээ.

Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно

Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэлээ.

 Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.  

Шинээр эрэн хайх, аврах салбар байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ
Улсын хэмжээнд 21 аймгийн 55 сум, нийслэлийн 9 дүүрэгт нийт 67 гал түймэр унтраах, аврах анги үйл ажиллагаа явуулж байна. Бусад 275 суманд гарсан гал түймэр, гамшиг осол дээр Онцгой байдлын байгууллага шуурхай хүрч ажиллаж чадахгүй байгаагаас хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө, хүрээлэн буй байгаль орчинд их хэмжээний хохирол учрах эрсдэл гарч байна.
Тиймээс аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн саналын дагуу хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, нягтрал ихтэй Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар, Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Өвөрхангай аймгийн Хужирт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги”, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлэх тогтоолын төсөл Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжигдлээ.
Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги байгуулснаар хил залгаа 2 аймгийн 5 сумын 5498 иргэнд, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Эрэн хайх, аврах салбарыг байгуулснаар хил залгаа 2 сумын 2191 иргэнд, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 4 сумын 2453 иргэнд, Баянхонгор аймгийн Жаргалант суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 5 сумын 1914 иргэнд, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 8 сумын 3613 иргэнд, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 2 аймгийн 6 сумын 6888 иргэнд, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 6 сумын 2011 иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэх юм.
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулахдаа тухайн аймаг, сумын газарзүйн онцлог, хүн амын нягтрал, сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа аюулт үзэгдэл, ослын давтамж зэргийг харгалзан үздэг байна.
Мөн 4000-аас дээш хүн ам тутамд 1 Гал түймэр унтраах, аврах анги, 10000 хүн ам тутамд эсвэл алслагдсан орон нутаг, суурин газарт 6000-аас дээш хүн ам тутамд 1 Эрэн хайх, аврах нэгжийг байгуулах стандартын дагуу тухайн орон нутагт байгуулагдах салбар нэгжүүдийн үйлчлэх нутаг дэвсгэрийн хэмжээ болон хүн амын тоо зэрэг шаардлагыг үндэслэн аймаг, орон нутгийн удирдлага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан шинээр анги, салбаруудыг байгуулж, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилтыг биелүүлэн ажиллаж байна.
Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд 40770 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2124 хүний амь нас эрсдэн, 13,8 сая толгой мал хоргодон улсад 1 их наяд төгрөгийн хохирол учирсан байна. Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 14259 иргэний амь нас, 215,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталлаа

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайдад үүрэг болголоо.

Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж, тодорхой эрэлт бий болсон бөгөөд 2022 онд биеийн тамир спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх тооцоо байна. Өсөн нэмэгдэх эрэлтийг биеийн тамир, спортын салбарын өнөөгийн бүтэц зохион байгуулалт, хүний болон санхүүгийн нөөцөөр хангах боломжгүй тул Засгийн газрын 2011 оны “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг шинэчлэх шаардлагатай болжээ.

Товч мэдээ

·  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хөнгөлөх, усны нөөц ашигласны төлбөр тооцох асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг хөнгөлөх тухай Дорноговь болон Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны тогтоолын дагуу тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.

·  Аюултай хог хаягдал, лагийн төвлөрсөн байгууламж барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад тулгамдаад байгаа асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Төв аймгийн Сэргэлэн сум болон нийслэлийн Багануур дүүрэг дэх хоёр байршлыг аюултай хог хаягдал, лагийн төвлөрсөн байгууламж барих газарт тавигдах шаардлагыг хангасан боломжит байршил гэж үзэж байгаа ч орон нутгийн удирдлага дэмжихгүй, эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна.

·  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·  Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох 1957 оны худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжээд, ноот бичигт гарын үсэг зураг эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтов.

·   Улаанбаатар хотод 2019 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн ЗГХК-ын V, мөн БНСУ-ын Сөүл хотноо 2019 оны зургадугаар сард зохион байгуулагдсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IV хуралдааны дүнг сайшааж хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Комиссын дарга нарт даалгалаа.  

·  “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР