“SUMMER CAMP” оюутны зуслан цугларалт амжилттай зохион байгуулагдлаа

2019 Оны 8 Сарын 22

“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо “SUMMER CAMP 5 OF STUDENTS” оюутны зуслан цугларалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 5 дахь удаагаа 2019 оны 8-р сарын 17-19-ний өдрүүдэд “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулагдаж 18 аймаг, Нийслэл, 4 дүүргийн 1 000 орчим оюутан, залуучууд “Хүчээ нэгтгэе” уриан доор хуран чууллаа.

“SUMMER CAMP 5 OF STUDENTS” оюутны зуслан цугларалтаар оюутан, залуучуудыг нөхөрлүүлэх, хувь хүний болон бие бялдрын хөгжлийн боловсрол олгох зорилт дэвшүүлэн 4 төрлийн сургалт спортын 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Хувь хүний хөгжлийн сургалтын хүрээнд Улстөрийн боловсролын академийн захирал Ү.Оюунзул “Хувь хүний хөгжил”, “Miss Mongolia 2018” тэмцээний ялагч Мисс Б.Мөнхчимэг “Харилцаа ба Хандлага”, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга З.Ариунтэнгэр “Гадаад улсад тэтгэлэгээр хэрхэн суралцах вэ?”, ОУХНайрамдал төвийн багш н.Уранчимэг “Флаш моб хэрхэн сурах вэ?” сэдвүүдээр сургалт зохион байгуулж 4 өртөөнд хичээллэв.

Цугларалтанд оролцсон оюутан, залуучуудын хамгийн их хүсэн хүлээдэг Үндэсний бөхийн барилдаанд хүчит 48 бөх барилдсанаас Архангай аймгийн оролцогч сумын заан н.Гансүх түрүүлэж, Дундговь аймгийн оролцогч сумын заан н.Мягмаржав үзүүрлэсэн юм. Мөн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид түрүүлж, хоёрдугаар байранд Орхон аймгийн баг, гуравдугаар байранд Ховд аймгийн баг тамирчид шалгарч Хөгжөөнт буухиа тэмцээнд Нэгдүгээр байранд Ховд аймаг, Хоёрдугаар байранд Баянхонгор аймаг, Гуравдугаар байранд Өвөрхангай аймаг шалгарлаа.

“SUMMER CAMP 5 OF STUDENTS” оюутны зуслан цугларалтанд оролцогч аймаг, нийслэл, дүүргүүдийн салбар холбоодоос үйл ажиллагааний идэвх оролцоо, сургалтын үр дүнгийн шалгалт, тэмцээн уралдаануудад гаргасан амжилт, цаг баримтлал, зохион байгуулалт, хувцас, жигдрэлт, дэг журам зэргийг харгалзан үнэлж шилдэг аймгуудыг шалгаруулдаг уламжлалын дагуу Ховд аймгийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны оюутан, залуучууд “ШИЛДЭГ САЛБАР” холбоогоор шалгарч Дундговь, Орхон, Баянхонгор, Хэнтий аймгууд удаах байруудыг эзэлсэн юм.

Мөн “SUMMER CAMP 5 OF STUDENTS” оюутны зуслан цугларалтанд оролцогч оюутан, залуучууд оройн үдэшлэгтээ аймаг, нийслэл, дүүргээ төлөөлөн өөрсдийн авъяас чадвараараа урлагийн тоглолт толиулсан бол оюутан, залуучуудаа хүндэтгэн МонТаРеп хамтлаг “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид, “VOICE” шоуны шилдэг оролцогчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөцгөөсөн юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал