Ерөнхий сайд хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд хамтран ажиллахыг уриалав

2019 Оны 6 Сарын 21

Төрийн цэргийн байгууллагад жагсаалын дарга болон бага даргаар алба хаасан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн дурсамж-уулзалт Соёлын төв өргөөнд боллоо.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.

Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн болон баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн, энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, салбарт цэргийн албыг хэвшүүлэн тогтоох, сахилга, дэг журам сахиулах, байлдааны бэлтгэл, соёл, хүмүүжлийн арга хэмжээ зохион байгуулахад бага дарга нар үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг тэрээр тэмдэглэв.

Бага дарга нараас баг, хороо, сумдын Засаг дарга, төрийн алба, бизнесийн шилдэг менежер, баялаг бүтээгч, төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтэн, алдар гавьяатан олноор төрөн гарсныг дурдав.

Цаашид эх орноо хөгжүүлэх, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн төлөө  төр, засагтайгаа хамтран ажиллахыг уриалав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав. Эдийн засгаа өсгөж, их хэмжээний өр дарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, төсөв алдагдалгүй гарсан, мал сүргийн тоо өссөн, төмс, улаанбуудайн хэрэгцээг дотоодоос хангаж байгаа зэргийг дурдав. Цаашид эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр иргэдээ бүрэн хангаж улмаар экспортлогч орон болохыг зорьж байгааг хэлэв. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг тэмдэглэлээ.

Дурсамж уулзалтад нийслэл, орон нутгаас 1300 бэлтгэл үүрэгтэн оролцлоо. Зэвсэгт хүчин, Хил, Дотоодын цэрэг, Ардын армид жагсаалын даргаар алба хаасан нэр бүхий хүмүүст Ерөнхий сайд дурсгалын зүйл гардуулав. Тэдний хамгийн залуу нь 24, хамгийн ахмад нь 70 настай байлаа. Дурсамж-уулзалтаас ”Жагсаалын дарга, бага дарга нарын холбоо” байгуулагдсаныг зарлалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР