ХЭРЛЭН СУМЫН ЗАРИМ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2019 Оны 5 Сарын 7

Хэнтий аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар Хэрлэн сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

Хэнтий аймаг сүүлийн хоёр жилд Элсэлтийн ерөнхий шалгалтын улсын хэмжээний үнэлгээ, үзүүлэлтээ найман байраар ахиулсан, цаашид улам урагшлуулах зорилт тавин ажиллаж байгаагаа аймгийн удирдлагууд хэлэв. Нэгдүгээр сургуулийн захирал Алтанцэцэг манай хамт олон хүүхдүүдээ хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээхэд ихээхэн анхаардаг гээд 5д ангийнхантай уулзууллаа. Сурагчид ангиараа сурсан дуугаа хөгжимдөж өгөв. Хөгжим тоглосноор хүүхдийн сэтгэн бодох, төвлөрөх, тэвчээртэй суух чадвар нь нэмэгддэг, бүтээлийг олуулаа тоглосноор бие биеэ сонсох, зэрэг гүйцэтгэх, багаар хамтран ажиллах чадвар нь сайжирдаг гэж тус сургуулийн дуу, хөгжмийн багш С.Энхсаруул ярьж байна.

Хүүхдүүдийн үр дүнгүй цахим хэрэглээг бууруулах зорилгоор ном унших аян өрнүүлж, уншсан бүтээлээ ярилцаж, мэтгэлцэх цагийг гаргаж өгчээ. 10 дугаар ангийн сурагч А.Есүй манай ангийнхан утсаар оролдохынхоо оронд ном уншдаг болсон. Миний хувьд уншсан номынхоо талаар найзууддаа илтгэл тавихын тулд компьютер дээр ажиллах чадвараа нэмэгдүүлж, арван хуруугаараа бичиж сурсан гэлээ.

96 жилийн түүхэн замналтай тус сургуулийн хичээлийн байр Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа дүгнэлт акт авч, зарим хэсэг нь ашиглах боломжгүй, аюултай байдалд хүрээд байгаатай сайд нар танилцаж, сургуулийн шинэ барилгыг барихаар боллоо.

Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, холбогдох албаныхны хамт Хэрлэн сумын III цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Цэцэрлэгийн байшингийн суурь суулт өгснөөс хана туурга, шал, цонх нь хагардаг, өвөл маш хүйтэн байдаг гэж эрхлэгч Б.Ганцэцэг ярьж байна. Хэрлэн сумын 3, 4, 5 дугаар багийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг тус цэцэрлэгийн дээрх асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлж, санхүүжилтийг 2020 оны төсөв суулгахаар боллоо. 

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР