БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн орлогч дарга асан хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ

2019 Оны 4 Сарын 25

БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн орлогч дарга асан хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн Ц.Сүхбаатар нар / 2019.04.24 / өдөр Монгол Ардын Намын Төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга асан хурандаа генерал С. Лувсангомбод хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа.

Хурандаа генерал С.Лувсангомбо өдгөө 95 насыг зооглож буй бөгөөд одоогоор Москва хотод амьдарч байгаа юм. Тэрээр 1956-1982 онуудад Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Барилга, барилгын материалын яамны сайд, Улаанбаатар хотын дарга, Барилга архитектур техник хяналтын улсын хорооны дарга бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүний албыг тус тус хашиж байсан МАН-ын ахмад гишүүн юм.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Та бол Монгол Улсын цорын ганц хурандаа генерал цолтой хүн. Энэ бүхэн таны амьдралын утга учрыг улам бүр тодруулж, бидний бахархлыг зүй ёсоор төрүүлж байдаг. Манай намд эрдэм чадлаа харамгүй зориулсан гавьяатай. Ардын хувьсгалтай чацуу шахам насалж, улс орныхоо хөгжлийн ээдрээ нугачаатай замын амьд түүх, гэрч болж яваа, Монгол хүний эрүүл насжилтийн бодит жишээ болж яваа буянтай буурал билээ. Төрөлх намынхаа байгуулагдсаны 100 жилийн ой, өөрийнхээ мэндэлсний 100 жилийн ой зэрэг баярт цаг мөчүүдээр бид дахин дахин уулзана гэж найдаж байна” хэмээв.

Хурандаа генерал С.Лувсангомбо хэлэхдээ би 30 жилийн өмнө нутгаасаа гарсан. Ардын нам Д.Сүхбаатар жанжны байгуулсан нэр томъёонд итгэдэг. Би 1948 оны намын гишүүн боловч албан ёсоор 1955 онд баталгаажуулсан байдаг юм. Эрх баригч нам, төр, засгийн газрын тэргүүнээр бараг хагас зуун жил ажилласан Монголын төрийн зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбалтай хамт нам төрийн ажилд хоёргүй сэтгэлээр ажиллаж, нийслэл хотноо олон барилгын бүтээн байгуулалтуудыг бий болгосон. Манай намыг ард түмэн дэмжиж, итгэл үзүүлж байгаад туйлын баяртай байна. 2020 оны сонгуульд ялалт байгуулна гэж би итгэж байгаа” гэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бигийн Дарга Д.Амарбаясгалан Хурандаа генерал С.Лувсангомбод МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнол” одонг гардуулж өглөө.

Мөн МАН-ын Төв хорооны Гадаад харилцааны дарга асан Ц.Давгасүрэнд мэнд хүргэж “Тусгаар тогтнол” одонгоор түүнийг шагнаж буйг дамжуулж өгөхийг хүслээ.

МАН-ын Төв хорооны Гадаад харилцааны дарга асан Ц.Дагвасүрэн нь өдгөө 94 настай, Москва хотод амьдарч байна. Тэрээр Ардын хувьсгалтай чацуу шахам насалж, улс орныхоо хөгжлийн ээдрээ нугачаатай замын амьд түүх, гэрч болж яваа, Монгол Ардын Намын ахмад гишүүн юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал