Ц.Сандаг-Очир: Манай нам анх 10-тын системийг нэвтрүүлсэн

2018 Оны 11 Сарын 12

 Багануур дүүргийн МАН-ын XIV бага хурал энэ сарын 10-нд боллоо. Хурлын үеэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүрэгтээ хийсэн ажлуудаа тайлагнаж, алдаа оноогоо дүгнэн ярилцаж, намын үйл ажиллагааг цаашид улам идэвхижүүлэх, гишүүдээ нэмэгдүүлэх гээд цаашид хийх ажлуудаа танилцуулав. Тус дүүргийн тухайд хоёр жилийн өмнө МАН-ын хорооноос дэвшүүлсэн ажлын биелэлт 44 хувьтай байгаа аж. Үлдсэн хугацаанд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх бүрэн боломж бийг намын хорооны дарга, Засаг дарга Ц.Сандаг-Очир ярилаа.

Тэрбээр мөн “2016 онд бид МАН аймаг, нийслэл, дүүрэг гээд бүх шатандаа эдийн засгийн хувьд маш хүнд, өр авлага ихтэй байхад нь хүлээж авсан. Тухайнд үед батлагдсан хөрөнгө оруулалтын ажлууд санхүүжилтгүйн улмаас хоёр ч удаа татагдаж байсан. Ямар ч байсан шат шатандаа хичээж ажилласны дүнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг эерэг болж, сэргэж байна. Тодруулбал, 2017 онд улсын төсөв, нийслэлийн хөрөнгө оруулалтаар гурав тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан бол энэ жил таван тэрбум гаруй төгрөгийн ажил хийгдэж байна. Харин ирэх онд УИХ дээр 10 гаруй тэрбум төгрөгийн ажил хийхээр батлагдсан. Энэ нь эдийн засаг сэргэж байгааг харуулж байна” гэв.

Багануур дүүргийн МАН-ын хорооны зүгээс ирэх хоёр жилд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхээр нэн тэргүүнд ажиллах болно. Мөн 10-тын системээр ажиллаж, гишүүдтэйгээ илүү ойртон, мэдээ мэдээллээр хангаж, санал хүсэлтийг сонсож, эргэх холбоог сайжруулах тал дээр анхааран ажиллаж байна.

Багануур дүүргийн XIV бага хуралд нийт 150 төлөөлөгчөөс 149 нь оролцсон юм. энэ үеэр дүүргийн намын хорооны 67, хяналтын хорооны долоон гишүүнээ сонголоо. Мөн намын хороог Ц.Сандаг-Очироор үргэлжлүүлэн удирдуулахаар болсон юм.

 

 

Сүүлийн: НИЙСЛЭЛ

Онцлох: НИЙСЛЭЛ