Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав

2018 Оны 10 Сарын 24

УИХ-ын Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүн дэх, улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг эрхэлдэг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав. Өнөөдрийн (2018.10.24) хуралдаан 09 цаг 54 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 


    Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан өргөн барьж хэлэлцүүлж байна. Засгийн газар 2019 онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.Мөн төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ. Бодлогын эдгээр арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нийт зарлага 11.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.4 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 1.5 пунктээр бага байхаар тооцсон хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа. 


    Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзэв. Төсвийн 1.9 их наядын алдагдлыг бууруулах бололцоо бий эсэхийг Дэд хорооны дарга асууж, Сангийн сайдаас хариулт авлаа. Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа үед хуримтлал үүсгэх нь Ирээдүйн өв cангийн тухай хууль болон өнөөдөр мөрдөгдөж буй бусад хуулиар зохицуулагддаг гэдгийг тэрбээр хэллээ. Хүний хөгжил сангаас уламжлан ирсэн 1.1 их наяд төргөгийн өрийг 2019 онд барагдуулах бөгөөд цаана нь 553 тэрбум төгрөгийн хуримтлал үүсэх нөхцөл бүрдэж байгаа гэв. Өрийг бүрэн барагдуулсан учраас холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь Сангийн яамны үүрэг гэдгийг тэрбээр хэлээд “Зам зуурт нь ямар нэг байдлаар үрчихгүй бол 2030 он гэхэд ихээхэн хэмжээний хуримтлалтай болох бололцоо бий” гэсэн юм. Төсвийн алдагдлын 1.9 их наяд төгрөгийн 1.3 их наяд төгрөг нь хөнгөлөлттэй зээл, тусламжаар санхүүжих боломжтой гэж тооцжээ. Үлдэж буй 600 орчим тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын сан болон Төрийн санг зөв удирдах замаар санхүүжилт босгох бололцоо бий хэмээн үзсэн байна. Дээрх хэмжээ нь тэнцвэржүүлсэн орлогоос тооцсон алдагдал, үүнийг өндөр өртөгтэй бонд, өндөр хүүтэй зээл авахгүйгээр нөхөх бололцоо бий гэж үзсэн учраас төсөлд тусгасан гэв. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аймгуудыг нийслэлтэй автозамаар холбох, агаарын бохирдлыг шийдвэрлэх, цэвэрлэх байгууламж гээд нэн тулгамдсан асуудлуудыг шийдэх, санхүүжилтийг төсвийн төсөлд тусгах нь зүйтэй гэдэг зарчмыг баримталсан гэдгийг Сангийн сайд тайлбарлав. Эдгээрийн үр ашиг эдийн засгийн салбар шиг богино хугацаандаа гарахгүй ч гэлээ урт хугацаандаа улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. Мөн нийгмийн асуудлуудыг төр шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг төрөөс боломжоороо дэмжих нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Дэд хорооны дарга үргэлжлүүлэн төсвийн урсгал зардлын задаргааг тодруулж, хариулт авав. 


    Төсвийн хөрөнгөөр барьж байгуулж буй шинэ барилга бүрийг дагалдан урсгал зардал үүсч, энэ нь ирэх оныхоо төсвийн урсгал зардалд нэмэгдэж байгааг анхаарч, үүнийг шийдэх гарцыг олж зарлагын шинэтгэл хийх боломж бий гэдгийг Дэд хорооны дарга З.Нарантуяа хэллээ. Мөн Засгийн газрын зардлыг танах, хэмнэхтэй холбоотой олон санал гомдол иргэдээс ирсэн бөгөөд үүнийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нягталж, зардлын хэмжээг бууруулах бололцоог судална гэв. Эцэст нь, төсвийн хуваарилалтыг бүх аймагт жигдрүүлэх нь оновчгүй зарчим бөгөөд эдийн засгийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуй, экспорт, аялал жуулчлалыг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд анхаарах шаардлагын талаар тайлбарласан юм. Тухайлбал, малын тоогоороо улсад тэргүүлдэг Завхан аймагт махны үйлдвэр байгуулах, ингэснээр баруун аймгууд БНХАУ, ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох бололцоог бүрдүүлэх зорилгоор олон улсын шаардлага хангах лаборатори, дэд бүтэц байгуулах, дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх үүднээс гол бүсүүдийн дэд бүтцийг сайжруулах зэрэг нь ойрын болон дунд, урт хугацаандаа эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. 

    Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ