ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна

2018 Оны 10 Сарын 22

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайныг хүлээн авч уулзав.

ХБНГУ нь ардчилсан, хүмүүнлэг нийгмийг бэхжүүлэх болон улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт Монгол Улстай хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жинтэй байр суурь эзэлдэг гэдгийг Шадар сайд тэмдэглэлээ. ХБНГУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яам монгол цэргийн боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэн, техник, материал хэрэгслийн  буцалтгүй тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Цаашид ч энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэрэг дайчдыг чадавхжуулах, инженерийн батальоныг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв. 

Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайн илэрхийлэв.

Мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явуулж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон үндэстний ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Энэ ажиллагаанд оролцох хугацаа энэ жил дуусгавар болох ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хугацааг сунгах шийд гаргана гэдэгт эргэлзэхгүй байна гэв. Цаашид батлан хамгаалахын салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллах болно гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР