Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ

2018 Оны 10 Сарын 18

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал”, “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов.

“Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал” төслийн хүрээнд татварын албаны мэдээллийн технологийн дэд бүтцийг бэхжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналт, чадавхийг нь сайжруулах юм.

“Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл” нь баруун бүс, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой. Энэ хүрээнд 5 болон 10 мВт-ын салхин цахилгаан станц, 10 мВт-ын хоёр, 5 мВт-ын нарны нэг цахилгаан станц барьж, газрын гүний дулааны насос суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгохоор төлөвлөжээ.

БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ

Өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшинд даалгав.

Талууд 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн тулд худалдааны бүтцээ шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах, худалдааны хориг саадыг арилгах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ.

Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцсан байна. Тухайлбал Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын өргөтгөл, Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөлд манай тал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ.

Буцалтгүй тусламжаар хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах, 1008 айлын орон сууцны хороолол барих, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллах зэргийг БНХАУ-ын талтай тохиролцсон байна.

Товч мэдээ

-  Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. 50 сая еврогийн зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.

-  Энэ онд 27 цэцэрлэг, 12 сургууль, тус бүр долоон спорт заал, дотуур байр ашиглалтад оруулна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт 265, соёл, урлагийн салбарт 50, биеийн тамир, спортын салбарт 10, нийт 325 төсөл, арга хэмжээнд 262.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Санхүүжилтийн гүйцэтгэл 10 дугаар сарын 09-ний байдлаар 59.1 тэрбум төгрөг буюу 22.5 хувьтай байна.

-  Арабын Нэгдсэн Эмират Улсад болох “Экспо 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд манай улс оролцоно. “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоох нь” сэдэвт үзэсгэлэн бүтээлч байдал, шинэ санаа, нээлт, хамтын ажиллагааг хөгжүүлэх талбар бий болгох зорилготой юм. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны хооронд болох үзэсгэлэнд 170 орчим улс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. 

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР