60 ТЭРБУМТАЙ НЭР ХОЛБОГДСОН ХҮМҮҮСТ ЁСЗҮЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ТОГТООЛ ГАРГАЛАА

2018 Оны 8 Сарын 3

МАН-ын Хяналтын Хороо намын гишүүдээс ирсэн гомдол саналыг нэгтгэж хоёр өдрийн турш хуралдсаны эцэст зохих арга хэмжээ авахаар болсон байна. Хурлаар нийт таван асуудал хэлэлцсэний дотор олны анхаарлын төвд байсан 60 тэрбум гэх хэрэгт нэр нь холбогдож МАН-ын дүрэм зөрчиж, нэрийг сэвтүүлсэн МАН-ын гишүүн М.Энхболд, Ц.Сандуй, н.Ганбаатар нарыг ёсзүйн алдаа гаргасан байна гэж дүгнэж ёсзүйн хариуцлага тооцох ёстой гэсэн тогтоол гаргалаа. 

Мөн Ховд аймгийн Засаг даргын орлогч н.Батсүхийн асуудлыг хэлэлцэж, албан тушаалд томилогдохын тулд мөнгө тараасан гэдгийг шүүмжилж, авч хэлэлцээд хариуцлага тооцохоор боллоо. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв эвдрэлцэж байгааг хэлэлцэж, удирдаж байгаа бүлгийн удирдлагуудтай сахилга хариуцлагын асуудлын нухацтай авч хэлэлцэхээр боллоо. 

Нийслэлийн МАН-ын бага хурал хуралдахгүй байгаа. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөс хуралдаагүй байгаа намын байгууллагуудыг хуралдах товоо зарлаж, эв нэгдлээ хангах тал дээр эрс шийдэмгий алхам хийхийг үүрэг болгосон байна. 

Бусад асуудлын хүрээнд иргэн Д.Доржзодовоос "60 тэрбум"-тай холбоотой асуудлаар материал ирүүлснийг хэлэлцлээ. Энэ асуудал нь хууль хяналтын байгууллагаар шалгагдсан учир Хяналтны ерөнхий хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад харуиллаа. 

 -Ёсзүйн ямар хариуцлагыг М.Энхболд нарын гурван гишүүнд хүлээлгэх вэ?

 -Ц.Сандуйг намын бага хурлын гишүүнээс чөлөөлж, намын гишүүн н.Ганбаатарыг харъяалагдах намын байгууллагад намын гишүүний асуудлыг тавихаар болсон. М.Энхболд МАН-ын дарга байх үедээ намын нэр хүндэд сэв суулгасан явдалдаа харамсаж байгаагаа илэрхийлсэн хүсэлт ирүүлсэн. Бид үүнийг хэлэлцээд М.Энхболд гишүүн ёсзүйн зөрчил гаргасан учир Удирдах зөвлөлд асуудлыг тавьж, хариуцлага тооцох ёстой гэдэг шийдвэр гаргасан. 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал