ФРИДРИХ ЭБЕРТИЙН САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2018 Оны 6 Сарын 6

Монгол Ардын Намын урилгаар Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч Курт Бек тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Фридрих Эбертийн Сангийн Олон Улсын хамтын ажиллагааны газрын дарга Христиане Габриелле Кеспер, Эбертийн Сангийн Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан газрын дарга Марк Заксер Фридрих зэрэг хүмүүс багтаж байгаа юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар хүлээн авч уулзлаа.

Мөн Монгол зан заншил, уламжлалт аж ахуйг төлөөлөгчдөд танилцуулсан юм. Өргөн уудам тал нутаг, эрс тэс уур амьсгалдаа зохицуулан өнөөг хүртэл хадгалсаар ирсэн Монголчуудын нүүдлийн соёл, ахуй, зан заншил маш их таалагдаж байгааг Монголд анх удаа зочилж байгаа Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч Курт Бек энэ үеэр онцолж байв.

Курт Бек нь 1972 онд Германы Социал Демократ Намд элссэнээр улс төрийн замналаа эхлүүлсэн байдаг.  1979-2013 онд ХНБГУ-ын Райнланд Фалц Холбооны улсын парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад 2013 оноос өнөө хүртэл Фридрих Эбертийн Сангийн Ерөнхийлөгч албыг хашиж байгаа юм. 

1925 онд байгуулагдсан Фридрих Эбертийн сан нь Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм. Уг сан Германы эзэнт улсын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу байгуулагдаж түүний нэрээр нэрлэгдсэн.

Улс төрийн намд ойр байдаг улс төрийн сангийн хувьд үйл ажиллагаан нийгмийн ардчиллын үндсэн гурван үнэт зүйлс болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилж, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулдаг байна.

Нийт 121 салбартайгаас ХБНГУ-д 16, хилийн чанадад 105 салбараараа дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.Монгол Улсад 1990-ээд оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, 2004 оноос албан ёсоор төлөөлөгчийн газраа байгуулсан байдаг.

Монгол Ардын Нам нь нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай нам болохын хувьд ХБНГУ-ын Социал демократ намын Фридрих Эбертийн сантай 20 орчим жил нягт хамтран ажиллаж ирсэн байна.

\

 

 

 

 

 

 

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал