Нийслэлийн НАМЭХ, Бээжингийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллана

2018 Оны 6 Сарын 4

Бээжингийн Эмэгтэйчүүдийн Холбооны дэд Ерөнхийлөгч Жоу Жин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-той “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийслэлийн НАМЭХ-ын тэргүүн Б.Саранчимэг болон дүүргүүдийн дэргэдэх НАМЭХ-ны дарга нар оролцсон юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн.

Айлчлалын үеэр хоёр нам харилцаа, хамтын ажиллагаагаа бүх шатанд сайжруулж ажиллах талаар санал солилцжээ. Тэгвэл өнөөдөр тэрхүү ажлын эхлэл болж, манай улсад хүрэлцэн ирж, Нийслэлийн НАМЭХ-той хамтран ажиллах гэрээ байгуулж буй Бээжин хотын Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөгчдөд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлэв. Тэрбээр “Монгол Ардын Нам эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч дэмжиж ажилладаг. Өнөөдөр Нийслэлийн НАМЭХ, Бээжин хотын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллахаар болж буйд МАН-ын удирдлагын зүгээс сайшааж хүлээж авч байгаа”-г дуулгалаа.

Бээжин хотын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдлагуудын зүгээс “Энэхүү гэрээ нь цаашдын олон хамтын ажиллагааны зөвхөн эхлэл юм” гэдгийг онцлсон. Мөн цаашдаа Нийслэлийн НАМЭХ-той илүү их амжилт бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал