"КАРЛ МАРКСЫН ОНОЛЫН ӨВ БА ОРЧИН ҮЕ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2018 Оны 5 Сарын 3

           

Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан "Карл Марксын онолын өв ба орчин үе" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Тусгаар Тогтнолын Ордонд болж байна. Хурлыг Монгол Ардын Намын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болох Стратеги Академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Удирдлагын Академи хамтран зохион байгуулж байгаа юм.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Монгол Ардын Намын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний Стратеги Академийн захирал Г.Наранбаатар үг хэллээ. Тэрбээр дэлхий нийтээрээ Карл Марксын онол, үзэл баримтлалыг огт орхигдуулаагүй байгаагийн дээр улам бүр нарийвчлан судлах, дэлгэрүүлэх явдал нэмэгдсээр байгаа онцоллоо.

Хурлаар судлаач эрдэмтдийн дунд илтгэл хэлэлцүүлэг өрнөхийн зэрэгцээ Карл Марксын онолуудын талаарх зарим номын үзэсгэлэн дэлгэгджээ.

XIX зууны философич, улс төрийн эдийн засагч болон хувьсгалч Карл Хайнрих Маркс 1818 оны 5-р сарын 5 мэндэлжээ. Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн. Энэхүү нөлөө нь Октябрийн хувьсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар цөөхөн үлдсэн байдаг байна.

Түүнчлэн НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” болон “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, Социал демократизмын гол үзэл санаа болох “Эрх чөлөө-шударга ёс-эв нэгдэл”-ийн зарчмууд нь Карл Марксын үзэл санаатай ягштал нийцдэг байгаагаас нь Карл Марксыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан гэдгийг харж болох юм. Түүнчлэн Дэлхий дахинаа хамгийн их борлуулалттай номын жагсаалтын 2-рт “Эв хамт намын тунхаг бичиг” ордог бол АНУ, Канад, Их Британи, Австрали, Шинэ Зеландын их сургуулиудын хамгийн ихээр судлагддаг номын 3-рт “Капитал” зохиол нь багтдаг байна.

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал