Хорлоогийн ЦЭВЛЭЭ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч НУРАМ ШИГ БҮЛЭЭН, ХАМБА ШИГ ЗӨӨЛӨН ТЭРХҮҮ ТОРГОН АГШНЫГ НЭХЭН ДУРСАХУЙД

2018 Оны 4 Сарын 24

Хорлоогийн ЦЭВЛЭЭ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч 

НУРАМ ШИГ БҮЛЭЭН, ХАМБА ШИГ ЗӨӨЛӨН    ТЭРХҮҮ ТОРГОН АГШНЫГ НЭХЭН  ДУРСАХУЙД

 

Юу гэнэ вэ?

Ардын нам  үнэмлэхүй олонх болсон өнөөгийн  нөхцөлд одоо мөрдөж бүхий Үндсэн хуулинд гар хүрч, өөрчлөлт оруулж болохгүй  гэв үү.  Төмөр юм  бол  хөрөө гэмээр, ургамал  юм бол  халгай гэмээр бидний монголчуудын мөс жудаг  яаж нохойтох нь  энэ вэ? Өмнөх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин мэт  болдог  гээч нь энэ үү? Түүнээс биш “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй” гэдэгчлэн Үндсэн хуулийнхаа ааш араншинг Ардын нам л  илүү сайн мэдэх юм хойно доо. Ямар ч  атугай Монгол Ардын нам бол  1990 оны ардчилсан  хувьсгалыг үзэн ядагч  дайсан  нь бус харин түүнийг манлайлагч  улс төрийн гол хүчний  нэг яалт ч үгүй мөн байсныг зарим нь  анзаарахгүй, бүр  мэдэхгүй  юм байна.  Ялангуяа   ардчилсан төрийн тогтолцооны  анхны алтан  шанг  татсан 1990 оны олон мандат бүхий чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнгийн талаар  Гомбожавын Очирбат тэргүүтэй  тус намын удирдагчдын баримталж байсан   үндэсний эв санааны нэгдлийг  ханган бэхжүүлэхэд чиглэсэн  тэрхүү  урсгал зөөлөн агаад  уран нарийн бодлогын  утга учрыг   огтхон ч мэддэггүй юм байна.   Гэхдээ     аргагүй гэхээр шалтгаан  нөхцөл ч  байна. Учир гэвэл, энэ цагийн  хорин тавтнуудыг   хорвоод хараахан мэндлээгүй байхад, гучтанууд   нь дөнгөж нэг  хоёрхон  настай тэнтэр тунтар     алхаж байхад,  харин  одоогийн дөчин  тавтай  залуухан өвөө эмээ нар   нь аравдугаар ангийн сурагч  төдий байхад,  өнөөдрийн тавьтангууд нь    их дээд сургуулийн дипломоо авах гэж  шалгалтад  бэлтгээд улс  төрийн хэргээс  баахан алс зайдуу   байхад нь   тэдгээр аминаас чухалд тооцогдох  үйл явдлууд таширлаж   тохиолдсон байх   тул   энэхүү түүхэн үнэнийг  тэр бүр    мэдэхгүй байх нь бас ч аргагүй. Хамгийн гачлантай нь  алдарт  1990 оны үед монголын ардчилсан хувьсгалын хөдөлгөөнийг Ардын нам, түүний  тэргүүлэх зэргийн  улс төрийн зүтгэлтнүүд  хэрхэн манлайлан зохион байгуулалцаж,  үзэгдэх, үл үзэгздэхийн дунд араас нь  уухайлж   байсныг  мэддэггүй юм байна. Тэгвэл  1990 оны   олон мандат бүхий анхны сонгуулийн тухай  зарим  баримт  сэлт  дэлгэе.

2015 оны долоодугаар сард   намайг нэгэн чухал хуралд урилаа. Очлоо.  1990 оны сонгуулийг дурсан хүндэтгэх  олон улсын хурал болж   байсан учир түүнд урьжээ. Урьсан ёсоор нь  тус хуралд  суулаа.  1990 оны мөнөөх сонгуулийг олон мандат бүхий сонгуулийн анхны үлгэр жишээ хэмээн үзэж жил бүрийн  долоо дугаар сарын 29-ний өдрийг “ардчилсан сонгуулийн өдөр” хэмээн тогтмол тэмдэглэдэг болох тухай ярьцгаахыг сонслоо. Баярламаар санагдав. Тэрхүү  1990 оны  сонгууль  бол монголын ард түмэн түүхэндээ анх удаа өөрийнхөө төр засгийг өөрсдөө толгой мэдэж сонгосон сонгууль мөн байсан гэж тус хуралд илтгэл айлтгал хийсэн бүгдээр  дуртган тэмдэглэж байв.  Тэгэлгүй яах вэ, үнэхээр л тийм сонгууль  болсон юм.  Тус сонгуулийн комиссыг нутаг дэвсгэрийн комисс  гэж нэрлэдэг 22 гишүүний  бүрэлдэхүүнтэй  байсан. Тэр үед Монгол Улс  хоёр сая иргэнтэй болоод ердөө хоёр жилийн хугацаа өнгөрч байсан. Хоёр сая иргэний дотроос тийнхүү  тодорч     монголын  тэрхүү том үйл явдалд  оролцох завшаан тохиолдсон тул  бид бүгдээрээ  баярлан  огшиж байсансан.  Биднийг АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар баталсан ч анх тодруулахдаа олон нийтийн хурал цуглаануудаас  нэр дэвшүүлэн тодруулсан тул манай нөхөд бол ардчилсан хувьсгалын гал утаан дунд  нэр төртэй явж олонд танигдсан нийгмийн зүтгэлтнүүд мөн байсан гэж үзэх үндэстэй. Түүнээс хойш даруй хорин хэдэн жил  өнгөрсөн боловч  ерөнхийдөө  тийм чухал  түүхэн үйл явдал болоогүй  ч юм шиг,  болсон байлаа гэхэд түүнд бид мэтийн эгэл хүмүүс  тодорхой хувь нэмэр оруулаагүй   юм шиг ажин түжин мартсан тул зарим нь дотроо  хөнгөн гуниг тээж явсныг нуугаад яа вэ. Манай сонгогчид ч үнэндээ  тийм олон мандат бүхий чөлөөт ардчилсан сонгууль  урд нь  явуулж байсан   туршлагагүй,  чухам л цас зуд гэдгийг огт үзээгүй  хэнз хурга ишиг анхны цаснаар  цочирддог шиг л баахан цочирдонгуй байсан.

Энэ учраас манай 22 хүн бол тэр удаагийн анхны чөлөөт ардчилсан сонгуулийг командлагч жанжин штаб нь, хамтын  оюун сэтгэлгээний уураг тархи, хууль цаазын  тэргүүн  зөвлөгч болж байсан нь  үнэн   билээ. Манай тэр 22 хүний  орой дээр зөвхөн   хөх тэнгэр  манхайж байсан гэвэл үнэнээс төдий хол гажихгүй.  Аливаа хувьсгалын үндсэн асуудал нь засгийн эрхийн тухай асуудал байдаг. Бидний  түүхэн тавилангаараа   зохион байгуулан  манлайлж оролцоход хүрсэн  тэр сонгууль бол  монголын ардчилсан хувьсгалын үндсэн асуудал болох засгийн эрхийн   төлөөх тэмцлийн  анхны    галын   цэг   яах аргагүй   мөн байсан. Бүх нийтийн ардчилсан сонгууль нэртэй боловч жинхэнэ утгаараа Монгол Улсын  засгийн эрхийг социалист тогтолцооноос зах зээлийн нийгмийн  чөлөөт ардчилсан  тогтолцоонд шгилжүүлэх түүхэн эргэлтийн   эхлэлийг ямар нэгэн хүчирхийлэлд хүргэхгүй тайван замаар  тавьсан улс төрийн гол арга хэмжээ байсан. Зэвсэгт бослого, болон иргэний дайны зэрэг хүчирхийллийн  арга хэлбэрийг  өчүүхэн төдий  ч ашиглахыг завдаагүй,  тийм үзэл санаа агуулаагүй  энх тайвны  арга замаар хэрэгжсэнээрээ эрин зууны үлгэр жишээ хувьсгал байсан гэж мэргэд үнэлсэн.

Өмнөх социалист засаглалын тогтолцоог парламентын сонгуулийн аргаар    туйлын амжилттай өөрчлөн шинэчилж чадсан учраас хамгийн хүмүүнлэг, энэрэнгүй хувьсгал болж түүхэнд бичигдсэн. Ил тод өнцгөөс нь харах аваас  тэр удаагийн  манай орон нутгийн сонгуулийн комиссын  түүхэн гавьяа хэмээн дүгнэж болох хамаг гол  учир  энд бий. Өөрөөр хэлбэл монголын ерээд оны ардчилсан хувьсгалын үндсэн асуудлыг  парламентын ардчиллын аргаар амжилттай шийдэж  чадсан улс төрийн ач холбогдлыг бүдгэрүүлж яавч болохгүй.

 Нэг үгээр хэлэхэд тус комиссын бүтэц бүрэлдэхүүн ямар байхаас,   тухайлбал тэр комиссыг хэн толгойлж, хэн хэн бүрэлдэхүүнд нь  багтан орсноос тус сонгуулийн үр дүн хийгээд чухамдаа ардчилсан хувьсгалын явц, үр дүн шалтгаалах учиртай байсан. Тийнхүү бодитойгоор шалтгаалсныг ч түүх зохих ёсоор үнэлж зөвшөөрчээ.  Хэрвээ гай болж  тус комиссын олонх гишүүн  хэт улс төржин туйлширч, нэг тал руу  олон түмнийг уруу татан  бужигнуулсан бол     сонгууль зохих  чиг шугамаасаа  хазайж, магадгүй хүчирхийлэл рүү нийгмийг түлхэн оруулж  болох аюул бодитой оршин  байсан. Хамгийн завшаантай нь манай комиссын дотор тийм болчимгүй, ухвар мөчид, хий хоосон сүржигнэгч  хүн байгаагүйг би дотор нь орооцолдож явсны хувьд  баттай  гэрчилж чадна.  Манай гишүүдийн дотор улс төрийн өш хонзон өвөрлөгч, яс хаягч, луйвар дээрэм сонирхогч, залилан мэхлэгч, матрын нулимс унагагч, хов жив хөөцөлдөгч,  дэмий цуурхагч  хүн байгаагүйг бид хэзээ хаана ч нүүр бардам хэлэх болно. Үнэн нь тийм юм. Үнэхээр л  монгол төрийн төлөө нэгэн биеийн алжаалыг мартаж чаддаг шулуун шударга хүмүүс мөн байсан учраас цэвэр тунгалаг  сонгууль болсон түүхтэй юм. Чухам хэн хэн болохыг комиссын нэрсийг жагсаалтаар батлан гаргасан АИХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээс харж болно. 22-ын комиссын  түүхэн хариуцлага нь тийм том хэмжүүрээр тодорхойлогдох байсан учир гишүүн нэг бүрийн хүн чанар, эх оронч ухамсар, монгол уламжлалаа хадгалах чадвар,  мэдлэг, нэр нөлөөний талыг  онц чухалчилж байсан нь зүй ёсны шаардлага   мөн байсан.  Тиймээс тухайн үеийн хамгийн үнэнч шударга,   дүн нуруутай, мөс жудагтай, даруу төлөв ааш араншинтай, өндөр нэр хүндтэй,  эрдэм номтой   хүмүүс гэж монголын төр, түмэнд үнэлэгдсэн тийм хүнийг шилж сонгон  комисс бүрдүүлсэн байдаг.  Тийм өндөр шалгуурт тэнцэж хорин хоёрын  эгнээнд  багтсан явдал биднийг  юу юунаас илүү зоригжуулж  байсан.

 Монголын уламжлалт ухаарлаар бол  тус комисс ардчилсан хувьсгалын  анхны  гал голомтыг  зөв асааж, баттай   сайхан овоо босгосон учраас л  дараа дараачийн  “шаазгай” тэнд сууж  монголын ардчилсан хувьсгал  эдүгээг хүртэл  ерөнхий зарчмаа алдахгүй үргэлжлэн хэрэгжсээр  байгаа гэж ойлгож  байна.   

Тус комиссынхон гүйцэтгэсэн энэхүү  түүхэн гавьяагаа үнэлүүлсэн халуун дотно үг шинэ төрөөсөө сонсохсон гэж  бараг гучин жил хүлээж байна.  Нэлээд нь тэсч чадсангүй, хувь заяаны эрхээр тэнгэрт хальчихлаа. Комисст ажилласан эрхэм нөхдийг албан эх баримтаар  нь  танилцуулъя: 

  1.  Комиссын дарга нь: Монгол ба Орос улсын баатар, сансрын нисэгч  Ж.Гүррагчаа
  2. Орлогч дарга нь: БНМАУ-ын гавьяат багш, профессор Б.Хурметбек,
  3. Нарийн бичгийн дарга: БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн ахлах референт Б.Шарбанди 

Гишүүдэд :

  1. БНМАУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлэгч, сурвалжлагч гишүүн, доктор Д.Бадгаа
    1. БНМАУ-ын ШУА-ийн информатикийн төвийн секторын эрхлэгч Я.Балгансүрэн
    2. МХЗЭ-ийн Гүйцэтгэх хорооны дэд тэргүүлэгч С.Баярцогт
    3. Монголын Ардын армийн улс төрийн газрын дарга, хошууч генерал С.Ванчиндорж
    4. БНМАУ-ын Хууль зүй, арбитрын яамны мэргэжилтэн Д.Ганболд
    5. Савхин эдлэлийн үйлдвэрийн 16-р тасгийн оёдолчин VI,VII,VIII таван жилийн гавшгайч Ц.Ганчимэг

10. Монголын эмэгтэйчүүдийн холбооны төв зөвлөлийн орлогч дарга Б.Даариймаа

11. Улаанбаатар хотын Октябрын районы ОСГ-ны 30-р хорооны иргэн Д.Дорлигжав

12. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл’’ нэгдлийн хоньчин Улсын хошой аварга малчин С.Жамаадорж

13. Монголын Ахмадын холбооны төв шалган байцаах комиссын гишүүн Ц.Жамсран

14. БНМАУ-ын Холбооны яамны орлогч сайд Д.Занаа

15. Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга Д.Маам

16. Дорноговь аймгийн Ардын депутатын  Хурлын  Тэргүүлэгчдийн дарга Б.Мижид

17. Монголын хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Ё.Мөнхбаатар

18. Баян-Өлгий аймгийн ахмадын хорооны зөвлөлийн дарга, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Х.Ныгамет

19. БНМАУ-ын Сангийн яамны орлогч сайд С.Очирпүрэв

20. МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Өөлд

21. УБ хотын Ардын депутатуудын Хурлын тэргүүлэгч гишүүн, хотын Ардын хянан шалгах хорооны дарга Ж.Хорлоо

22. БНМАУ-ын Мэдээлэл, радио, телевизын улсын хорооны дарга Х.Цэвлээ  

23. Политехникийн дээд сургуулийн багш Ламаагийн Цэндсүрэн

24. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөлийн нарийн бичгийн дарга Самдангийн Чулуунбаатар

25. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ардын депутатуудын Хурлын Тэргүүлэгчдийн дарга Гончигдоржийн Энхтүвшин  нар байдаг юм.

Одоотой харьцуулбал тэр сонгууль яах аргагүй  бодит амьдралын хөрсөн дээр суурилсан  шударга  сонгууль болсон юм. Нэг тойрогт нэг намаас хэд хэдэн  нэр дэвшин өрсөлдөж байв. Элдэв бусын булхай луйвар байгаагүй гэж болно. Мэр сэр бага сага зөрчил гарч байсныг  манайхан дор дор нь зохицуулан шийдвэрлэж  байсан. Ноцтой  зөрчил будиман гаргахгүйгээр тус комисс урьдчилан сэргийлж чаддаг байсан. Сонгуульд санал өгсөн 1 027 100 сонгогч нь, өрсөлдсөн 2413 нэр дэвшигч нь ч, оролцсон улс төрийн дөрвөн нам нь ч сахилга баттай, соёлтой  оролцсон. Юм үнэнээрээ байх  сайхан, тэр сонгууль үнэхээр тийм л  цэвэр  тунгалаг, сайхан  сонгууль болсон. 

430 суудлын төлөө 2413 нэр дэвшигч өрсөлдөж түүнээс 430 хүнийг нь шалгаруулан шилж, Ардын их хурлын депутатаар сонгосон. Дунджаар таваас нэгийг нь сонгосон болохоор    яалт ч үгүй шилдгийн шилдгийг  нь  шалгаруулсан  сонгууль  мөн байсан. Тухайлбал  430 депутатын суудлын  357-г Ардын нам, 16-г МоАН, 6-г МҮДН, 4-ийг МСДН,  39-ийг бие даагчид авсан тухай дүн мэдээ гарсан. Тэдгээр шилдгийн шилдгээс гурван эрхмийг бүр илүү шилдэг нь хэмээн төр засгийн  гурван өндөрлөгт сонгож, Монгол Улсын  амьдралыг ардчилан  сайжруулах хамаг хувь заяаг даатган хариуцуулсан түүхтэй. Тэдгээр онц  эрхэм гурав чухам хэн хэн байв, тэднийг  юу юунд тохоон томилсон бэ хэмээвэл  Ардын намын ахмад (тус намд хорин хэдэн жил болсон) гишүүн Пунсалмаагийн Очирбатыг шинэ  төрийн анхны тэргүүнээр, мөн  намын ахмад гишүүн Дашийн Бямбасүрэнг ардчилсан  засгийн газрын анхны ерөнхий сайдаар, МСДН-ын  гишүүн, залуу улс төрч Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг байнгын парламентийн анхны даргаар  сонгосон.

1990 оны сонгуульд  Ардын нам  үнэмлэхүй олонх буву 84 хувийн санал авчихсан байхад тус намын ерөнхий нарийн бичгийн дарга (тэр үед Ардын намд намын дарга гэж байгаагүй) Г.Очирбат, намын төв хэвлэлийн эрхлэгч Л.Түдэв, нарийн бичгийн дарга Н.Багабанди, Б.Сумъяа, Ж.Болдбаатар? нар төр засгийн  дээд өндөрлөгийн  суудалд суух гэж  дээрх нөхөдтэй өрсөлдөөгүй нэг содон   баримт бий. Өөрөөр хэлбэл тэр үеийн сонгуульд ялсан намын дарга нар төр засгийн өндөр суудалд өөрсдөө заавал  суух гэж   улайраагүй нь  төр засгийг нэг намын  хараат байдалд оруулахгүй  бие даалгасан   сайн тал байсан.  Харин  өөрсдийнхөө  оронд өөрийн намын гишүүд дотроос илүү сайн хүнийг олж  төр засгийн шийдвэрлэх  эрх мэдэл бүхий албанд томилж  ажиллуулах, цөөн суудал авсан бусад  шинэ намын төлөөлөлд итгэл хүлээлгэж  өндөр албан тушаалд томилон ажиллуулахыг хичээж  байсан нь одоогийн улс төрийн ханшаар  хэмжвэл санаанд багтах байтугай зүүдэнд ч оромгүй  явдал байж билээ. Өөрөөр хэлбэл  дэлхийн ардчилсан  төрийн тогтолцооны бүх түүхэнд байгаагүй  хэвшмэл бус онцгой  нэгэн стандарт буюу  улс төрийн зарчмаар  сонгуулийнхаа  үр дүнг хуваарилсан  байдаг юм. Тэр  зарчим бол   бүх ард түмний эв санааны нэгдлийн  зарчим  байсан. Жишээлбэл   Ардын нам   84 хувийн суудал авсан бөгөөтлөө дөнгөж  зууны 0,9 хувийн суудалтай МСДН-ын Р.Гончигдоржийг байнгын парламентын тэргүүн  болох Улсын бага хурлын даргаар, зууны 1,4 хувийн суудалтай МҮДН-ын Д.Ганболдыг засгийн газрын тэргүүн шадар сайдаар, зууны  3,9 хувийн суудалтай МоАН-ын Д.Дорлигжав,  84 хувийн суудал  авсан Ардын намын Ч.Пүрэвдорж нарыг  засгийн газрын шадар сайдаар дэвшүүлэн  баталж  үлэмжийн их итгэл найдвар хүлээлгэсэн байдаг.

Дээр нэрлэсэн дөрвөн нөхөр бол ардчилсан төр засгийн анхны шадрууд. УИХ-д   маш цөөн  суудал авсан намд ч  засгийн газарт төлөөллөө оруулж сонгогчдынхоо захиа даалгавар, санаа бодлыг  илэрхийлж ажиллах  боломж олгосноороо   асар  их үлгэр дуурайлалтай ардчиллын алтан хуудас болсон хэмээн дүгнэх учиртай юм. Хүссэн бүхэнд элч гэрлээ  гадуурхахгүй хүртээдэг  наран их хорвоогийн  алтан дүрэм гэж  нэрлэмээр ийм жам ёсыг дагаж мөрдсөн  байдаг.  Цөөн суудал авсан намыг сөрөг хүчин хэмээн гадуурхаж  нүд үзүүрлээгүй  агаад энэ нь нөлөө бүхий улс төрийн хүчнүүд  олонх цөөнх хэмээн  талцан туйлшрахгүй цөмөөр улс, эх орныхоо  хөгжил дэвшлийн төлөө, ард түмний сайн сайхан аж байдлын төлөө  эрвийх дэрвийхээрээ  хамтран чармайх  эв сангааны нэгдлийн бодлого   мөн байсан   билээ.

Эндээс нэг сонин  зүйл тодорхой харагдана. Юу гэвэл ардчилсан хувьсгалыг олон намын угшилтай   бас л “Анхны долоон хувьсгалч” удирдсан байна. Тэдгээр анхны долоог  тусгайлан нэгтгэж нэрлэвэл Ардын намын гишүүн Г.Очирбат, Д.Бямбасүрэн, К.Зардыхан, Ц.Пүрэвдорж, тэр үеийн МСДН-ын  гишүүн Р.Гончигдорж, МҮДН-ын гишүүн Д.Ганболд МоАН-ын гишүүн Д.Дорлигжав нар юм.

   Яагаад анхны долоо хэмээн онцлов гэвэл социалист өмчийг задалж  хувьчлах санаачилгыг тэд  гаргаж эхлүүлсэн. Үнэ чөлөөлөх ажлыг тэд анх санаачилж эхлүүлсэн. Орос цэрэг, орос мэргэжилтнийг монголоос гаргах  асуудлыг тэд шийдэж хэрэгжүүлсэн.   Зарчмын хувьд ардчилалд бүрэн утгаараа нийцсэн шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах ажлыг тэд хариуцан зохион байгуулж  мөнөөхөн сонгуулиар сонгогдсон  Ардын депутатуудын их хурлаар 72 хоног хэлэлцүүлж батлуулсан. Үүнтэй холбогдуулан тэдгээр  ардчиллын анхны долоо дээр Улын бага хурлын нарийн бичгийн даргаар сонгогдож, улмаар  шинэ Үндсэн хуулийн эх баригчаар ажилласан Ардын намын ахмад  гишүүн Б.Чимидийг нэмж нэр цохох нь зүй ёсны  шаардлага  байж таарна.  Санаачилгйг анхны долоо нь гаргасан боловч   шинэ Үндсэн хуулийн хувь заяаг үүрч гарсан гавьяа  ер нь л тэр хүнийх. Зүй нь Б.Чимидийг л  бүх насаар нь Үндсэн хуулийн цэцийн дарга, тэргүүн шүүгчээр сонгочихмоор байсан ч  тийм  явдал  болоогүй юм.  Ардчилсан хувьсгалыг тийнхүү анхнаас нь  Ардын намын шилдэг улс төрчид   болох П.Очирбат, Д.Бямбасүрэн,  Ч.Пүрэвдорж, Б.Чимид  болон тус намын зонхилох олонхийн дэмжлэгт дулдуйдсан   бусад шинэ намын Р.Гончигдорж, Д.Ганболд, Дорлигжав гэх зүтгэлтнүүд  манлайлан удирджээ. Би зөвхөн эцэслэн шийдсэн  үндсэн үр дүнгээр нь ярьж байна. Хазайсан, мурийсан, хэлбийсэн, хэтрүүлсэн асуудал гэвэл мэдээж байж л байсан.  Ардчилсан хувьсгалын анхны долоод  орсон П.Очирбат, Д.Бямбасүрэн нар хожим    Ардын намаас гарч  ардчилсан намд орсон  байдаг нь   хувийн үзэл бодлын чанартай өөр асуудал байх. Тэд Ардын намын гишүүн байхдаа л  ардчилсан өөрчлөлтийг  зохион байгуулалцаж  шинэ Үндсэн хуулиа батлалцаж  байсан нь  бодит  үнэн. Анхны энэ сонгуулиар ардчилсан    шинэ Үндсэн хуулийг   өөрсдийн оюун санаанаас  төрүүлж чадах чадамжтай  тийм улс төрчдийг  монголын ард түмний дотроос олж депутатад сонгосноороо  цагаан морин жилийн сонгууль үнэхээрийн  оюунлаг, гайхамшигтай  сонгууль болсон юм. Миний үзэж байгаагаар бол уншиж барахгүй баян түүх,  ухаарч дуусахгүй улс төрийн эрдэм  ном, магтаж ханашгүй алдар гавьяа тус сонгуульд бий.

Энэхүү намтар баян сонгууль нь юуны өмнө  хуучин шинэ хоёр нийгмийн тус тусын дархан хилийн  торгон шугамыг эндээс  л салгасан. Монголын ард түмний амьдрал ахуйн уламжлал, шинэчлэл  хоёр энд л  нийлж сүлэлддэг. Дорно дахины монгол үндэсний оюунлаг  соёл,  өрнө дахины   амин хувиа борлуулах  даяаршлын   соёл хоёр  энд л  нэгнийгээ танин  мэдэж,  харилцан үгүйсгэлцэн зөрчилддөг.

Тэр үеийн Ардын намын дарга удирдагчдын баримталсан улс төрийн бодлогын чиг хандлагыг   өнөөдрийн цонхоор харахад  улс төрийн давуу эрх мэдлээр бизнес хийж, баяжиж хөлжих хандлага   байгаагүй нь  ил тод мэдэгдэнэ.  Г.Очирбатын дараа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга болсон Б.Даш-Ёндонгийн үед ч тус намын дарга, удирдагчид бас  тийм чиг шугам баримталж байсан.  1990-ээд оны тэрхүү үлэмж  ээдрээтэй түүхэн цаг үед Ардын нам  засгийн эрх барьж байсан нь  нэн азтай учрал болсон.  Тийм аз таараагүй бол  Бээжин хотын төв талбайд болсон шиг  жагсагчдыг нитгэрчихэж магадгүй  л   байсан. Гэвч тийм аюул тохиолдоогүй холуур өнгөрсөн.

Бухарестэд удирдагчдаа хөнөөсөн шиг аюул хөнөөл  болоогүй, холуур өнгөрсөн. Москвад төрийн Думын цагаан ордон руугаа  их буугаар буудсан шиг явдал тохиолдоогүй,  бас холуур өнгөрсөн. Жаахан эвгүй хөндвөл   бэлээхэн тохиолдож болох энэ мэт аюул хөнөөлийг бурхан тэнгэрийн хүч далдаас зайлуулав уу гэлтэй нам тайван өнгөрсөн нь гайхамшигтай содон байдаг.  Гэвч хоног хугацаа алсрах тусам  тэрхүү нүднээ үл харагдах аврал өршөөлийн  далд хүч нь ил тод  мэдрэгдэх болж байна. 

Тэрхүү  аврал өршөөлийн  хүч нь тэнгэрт бус газарт, алсад бус монголд, тухайлбал  манай ард түмний хүлээц тэвчээртэй сэтгэл  оюунд байжээ.  Оготнын хамраас шүүс гаргаагүй    том хувьсгал хийж чадсан нь юуны өмнө  олон улсын болон дотоодын нөхцөл байдал хийгээд, цаг үеийн  тулгамдсан шаардлагыг холч ухаанаар тусгаж чадсан тус намын ач гавьяа, нөгөө талаар   захиргаадах дэглэмийг  халж чөлөөт ардчилсан тогтолцоог бий болгохоор  амь хайргүй тэмцэж байсан олон  түмний уужуу тайван сэтгэлгээний үр дагавар  мөн байсан байна. Тайван арга замаар нийгмийг ардчилахад тэр үеийн нам төрийн тэргүүн  байсан бурхан болооч Ж.Батмөнх  их гавьяа байгуулсан тухай ардчиллын зүтгэлтнүүд  онцолдог юм билээ.  Үнэн.  Маргаан байхгүй үнэн.  Гэвч  түүнээс бусад нь тухайлбал тэр үеийн Ардын нам, түүний  төв хороо, нам засгийн төв хрэвлэл болон монголын радио телевиз   бүхэлдээ ардчиллын  дайсан байгаагүйгээр үл барам  ардчилсан өөрчлөлтийн талыг өөгшүүлэн дэмжигч байсныг   цохон тэмдэглэх ёстой болов уу?  Яагаад гэвэл:

 Ж.Батмөнх дарга  цор  ганцаараа  бүхнийг шийдээгүйг нотлох баримт хангалттай  байдаг. Ялангуяа   Ардын намын төв хорооны  1990 оны гуравдугаар сарын 10-14-нд хуралдсан наймдугаар бүгд хурлыг мартаж болохгүй. Тус оронд тулгамдсан улс төрийн нөхцөл байдлын шалтгаан, хурц хямралаас гарах арга замыг хэд хоног нухацтай хэлэлцэж  НТХ-ны  ная орчим гишүүнийхээ  санаа бодлыг сонссоны үндсэн дээр  тусгай тогтоол гаргаж МАХН-ын ТХ-ны УТТ-г огцруулах   асуудлыг  нааштай шийдвэрлэсэн.

Басхүү тэмдэглэх учиртай нэг зүйл байсан. Юу гэвэл тус бүгд хуралд  үг хэлсэн хүмүүс   цөмөөрөө  ам нэгдсэн юм шиг хүнд сурталт хатуу  захиргаадалтыг халж, ннийгэмд ардчилсан шинэчлэлт хийхийг шаардсан байдаг юм. Тэгэхлээр Ардын намын Төв хорооны гишүүдээс эхлээд нам бүхэлдээ   ардчиллын төлөө   дуу нэгтэй тэмцэж байсан нь бас үнэн юм.

Тэр үед монгол орон гэдэг нь яг л цэнэгтэй бөмбөг, торхтой дарь шиг  хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрэхэд бэлэн байсан. Ийм үед гал дээр тос нэмэх биш харин усан дээр  ус нэмэх мэт нийлэмжтэй  бодлого  бүхнээс чухал байсан. Хэрвээ ус шиг нийлэмжтэй бодлогоор  нөхцөл байдлыг зөөллөхгүй бол  аз жаргалтай амьдрал хүсэж яваа олон мянган  хөвгүүд охид, настан буурлуудын алтан амийг ч  хий дэмий  бүрэлгэж болохоор аюултай байсан. Энэ цонхоор харвал анхны сонгуулийн  хамгийн үнэ цэнтэй,  үлгэр жишээ нь бол  мөрөн голын ус шиг нийлэмжтэй, алтан нарны гэрэл дулаан мэт хүртээмжтэй  байх  арга ухааныг  сүүхэйлж чадсан улс төрийн туршлага юм.

Ялангуяа    тэг бүхэл аравны есөөс дөрвөн хувь хүртэл маш цөөн  суудал авсан  намуудын  төлөөллийг гадуурхалгүйгээр  төрийн өндөр дээд албан тушаалд    улс төрийн бодлогоор, ямар нэг урьдчилсан болзол,  дэнчин шаардахгүй  шууд  дэвшүүлсэн  зэрэг сонгуулийн үр дүнг  маш ухаалаг улс төрийн аргаар  хуваарилан зохицуулсан зэрэг олон тооны шударга санаачилга аминд орсныг онцолмоор  байна.

Өнөөдөр ч гэсэн хамаг гай гамшиг манай зарим удирдагчдын буруу ишилсэн сүх шиг мугуйд зөрүүд ааш араншингаас болж байна.  Үер ус хэчнээн  цухалдан чихэлдэн мөргөлдөвч нэг давалгаа нөгөөгөө  хэзээ ч  ухраадаггүй зүй зохистой нийлж нуур далай болтлоо  арвиждаг шиг яг л тийм  нийлэмжтэй байх ёстойг мартамгүй байна. 

 Хэрэв миний өнцгөөс, надтай адил сэтгэлээр харж болдог юмсан бол  ТЭР жилийн   сонгууль үнэхээр гал шиг илчтэй, бурхан шиг буянтай, булган  сүүлтэй сонгууль  болж байсныг эргэн санахад  таатай сайхан.

Манай сонгуулийн комиссын дарга Ж.Гүррагчаа, орлогч дарга Б.Хурметбек,  болон Төв аймгийн гэж алдаршсан буурал дарга Ц.Жамсран болон залуу хууьч  Б.Шарбанди,  Д.Дорлигжав, улс төрийн  тулхтай зүтгэлтэн Ц.Өөлд гээд  ер нь манай  хорин хоёр бол яалт ч үгүй шударга  сайн ажилласан учраас л  сайхан  үр дүнтэй сонгууль болсныг  дурсан тэмдэглэе.

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал