МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ТУРК УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА.

2018 Оны 3 Сарын 29

            Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Туркийн Парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, гишүүн Б.Ундармаа тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-ын Шударга Ёс Хөгжлийн Намын урилгаар Туркэд намын айлчлал хийж байна. Турк улсын Шударга ёс хөгжлийн нам нь 2001 онд байгуулагдсан. Намын Ерөнхий даргаар одоогийн БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таяип Эрдоган ажилладаг. Нийт 11 сая орчим гишүүнтэй. Олон улсын байгууллагуудын судалгаагаар дэлхий нийтэд улс төрийн намуудын рейтинг буурч байгаа гэсэн тооцоо гарсан байдаг. Харин Туркийн Шударга ёс хөгжлийн намын рейтинг сүүлийн 4 жилийн турш тогтмол өссөн үзүүлэлттэй байна. 2015 оны 10 дугаар сард явагдсан Парламентын сонгуулиар нийт сонгогчдын олонхийн санал авч засгийн газраа бүрдүүлэн ажиллаж байна.

            Турк Монголын хооронд найрамдал харилцаа тогтоосон 50 жилийн ой ирэх онд буюу 2019 онд тохионо. Сүүлийн жилүүдэд Турк Монголын харилцаа, эдийн засаг, улс төрийн харилцаа огцом сэргэсэн гэдэгтэй уулзалтад оролцсон талууд санал нэгтэй хэлж байлаа. Тухайлбал Улсын их хурлын дарга Туркэд айлчлал хийсний дараагаар Туркийн талаас Шадар сайд нь Монголд айлчилсан. Үргэлжлүүлээд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг улс төрийн намын шугамаар айлчлал зохион байгуулж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Ардын Нам, Туркийн Шударга ёс хөгжлийн нам хооронд "Шинэ торгоны зам Улс төрийн яриа хэлэлцээр" хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн ирэх Дөрөв дүгээр сарын 5-8-ны хооронд Туркийн Ерөнхий сайд Монгол улсад айлчлал хийхээр болсон нь хамтын найрамдалт харилцаа ихээхэн сэргэж байгаагийн илрэл юм.

            Айлчлалын хүрээнд Монгол-Туркийн Парламентын бүлгийн дарга ноён Мэхмэт Эрдоган, Анкара хотын захирагч Мустафа Туна, Анкара хотын Шударга ёс хөгжлийн намын хорооны дарга Мустафа Нэдим Яамали нартай уулзлаа. Мөн  Шударга ёс, хөгжлийн намын дэд дарга, Гадаад харилцааны дарга ноён Мэхмэт Мэхди Экэртэй хоёр намын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Анкара хотоос эхлүүлсэн айлчлалын эхний өдөр Монгол Туркын Парламентын Группийн уулзалт болсноос гадна хоёр намын төлөөллүүдийн хоорондоо уулзсан юм. Мөн Анкара хотын Засаг дарга МУСТАФА ТУНА төлөөлөгчдийг хүлээн авч уулсан.

АНКАРА ХОТЫН ТАЛААР ТОВЧХОН

            БНТУ-ын нийслэл Анкара хот 23 дүүрэг, 1433 хороо, 5,346,518 оршин суугчтай. БНТУ-ын 2 дахь том хот. Бага Азийн хойгийн үржил шимт бүс нутагт хамаарах өнөөгийн Анкара хот нь 10 мянган жилийн тэртээгээс соёл иргэншлийн өлгий нутаг байсан талаар археологийн олдворууд олддог бөгөөд Хитит, Фригяа, Лидяа, Перс, Галата, Ром, Визант, Селчук болон Османы эзэнт гүрний мэдэлд оршин байсан.

1923 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Парламентын шийдвэрээр БНТУ-ын Нийслэл болгож зарласан. Анкара хот БНТУ-ын ДНБ-ын 9%, татварын орлогын 12%, төсвийн орлогын 12,3% дангаар бүрдүүлдэг. Анкара хотод дэлхийн 128 орны ДТГ байрладаг бөгөөд Монгол Улсын Элчин сайдын яам 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

Тус хотод БНТУ-ын Эрүүл мэндийн яаманд харьяалалтай 33, Их сургуулийн 8, төрийн албаны 3, хувийн 20 эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Мөн Анкара хотод 18 томоохон парк байдаг бөгөөд эдгээрээс Хариклар Дияари нь Европ тивд хамгийн том талбай бүхий ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн юм. Иргэд болон жуулчдад зориулсан түүх, соёл, археологийн олдвор, эртний уламжлалыг харуулсан 42 музей байх бөгөөд тэдгээрээс Ататуркын Бунхан музей /Аниткабир/, Этнограф музей, Үндэсний болон Ялалтын дайны музей нь хамгийн алдартай. Мөн Анкара хотын Чанкаяа дүүрэгт Их эзэн Чингис хааны хөшөө байрладаг. Исламын шашинтай улсын хувьд шашны хэв шинжийг агуулсан байгууламжууд олон байх бөгөөд орчин үеийн исламын шашны сүм сүүлийн жилүүдэд ихээр баригдаж байна. Эдгээрээс 1967 онд барилгын ажил эхэлж, 1987 онд ашиглалтад орсон Кожатэпэ Жами 88 метр өндөр 4 мезараас тогтох бөгөөд Анкара хотын хамгийн том мөргөлийн сүм юм. Анкарад цэцэрлэг, бага, дунд боловсролын 2700 гаруй улсын болон хувийн сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрт 69 мянган багш ажиллаж, 1 сая орчим сурагчид суралцдаг. Энэ нь дунджаар нэг багшид 15 сурагч ногддог гэх статистик тоо баримт бий. 2015 оны байдлаар улсын болон хувийн 18 их сургуульд 258 мянган оюутан суралцаж байна. Дашрамд дуулгахад Улаанбаатар Анкара хотууд нь 2003 онд эгч дүүс хот болсон байдаг.

ИСТАНБУЛ ХОТЫН ТАЛААР ТОВЧХОН

         Айлчлалын дараагийн өдөр Истанбул хоттой танилцсан юм. Зүүн Ромын эзэнт гүрний нийслэл Константинопол хотыг 1453 онд Османы Эзэнт Гүрний II Фатих хаан эзэлж, нэрийг нь өөрчилснөөр өдгөө Истанбул гэж нэрлэгдэх болсон. Истамбул хот 14.5 сая хүн амтай гэх боловч 20 орчим сая хүн амьдардаг гэсэн албан бус судалгаа бий. Турк төдийгүй Европын хамгийн том хот гэгдэх Истанбул хот улсынхаа төсвийн орлогын дийлэнх хувийг дангаараа бүрдүүлдэг. Дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 34-р байрт жагсдаг. Европын хамгийн их хүн амтай хот юм. Истанбул хот 39 дүүрэгтэй бөгөөд 25 нь Европ тивд, 14 нь Ази тивд байрладаг.

Ази, Европ хоёр тивээр зааглагдан орших тус хот нэг талаараа Газар дундын тэнгис, нөгөө талаараа Хар тэнгисээр хүрээлүүлэн орших бөгөөд хотын яг дундуур хоёр тэнгисийг холбосон Босфорын хоолой орших ба тэдгээрийг холбох 3гүүр бий. Ази, Европ тивийг холбосон хоёр гүүрний нэг нь Босфорын гүүр, нөгөөдөх нь Султан хааны нэрээр нэрлэгдсэн гүүр. Харин гурав дахь гүүрийг хожим барьсан бөгөөд гүүрийн урт 1408 метр өндөр. Босфорийн хоолойгоор усан завинаас гадна гүүрээр хоёр тивийн хооронд зорчиж байсан бол эдүгээ тэнгисийн доогуурх метро иргэдэд давхар үйлчилж байна. Уг метрогоор жилд 120 сая хүн үйлчлүүлдэг.Истанбул хотод Ататурк, Сабяха Гөкчэн гэсэн хоёр олон улсын нисэх буудал бий. Эдгээр нисэх буудалд хоёр минут тутамд онгоц ирж, нисэж байдаг. Сүүлийн арван жилд 142 цэнгэлдэх хүрээлэн бүхий парк байгуулжээ. Мөн Истанбулын хэмжээнд 20 орчим цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулсан. Төрийн өмчийн 7, хувийн өмчийн 24 Их сургууль үйл ажиллагаа явуулдаг ба эдгээрээс хамгийн эртний Их сургууль нь 1453 онд байгуулагдсан Истанбулийн их сургууль юм.

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал