Болзошгүй зудад бэлэн эсэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин нягталж, үүрэг өглөө

2017 Оны 12 Сарын 9

Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, 2017 оны ажлын гүйцэтгэл, болзошгүй зудын эрсдэл болон хохирол багатай даван туулах төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, зохион байгуулалтын талаар хэлэлцсэн байна. Үндэсний зөвлөлд яамд, Онцгой байдлын ерөнхий газрын эрх бүхий удирдах албан тушаалтнууд багтдаг.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг 2018 оны эхний гурван сарын цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээнд тулгуурлан зуд тохиолдох магадлал бүхий 12 аймгийн 37 сумын жагсаалт гаргажээ.  Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагийн хэлснээр, хамгийн их эрсдэлд өртөх малчин өрхөд 240 мянган төгрөг бэлнээр, 70 мянган төгрөгийн малын тэжээл өгөх боломжтой байна. Тэд өнгөрсөн онд 13 аймгийн 5480 малчинд хүрч ажиллажээ. МУЗН-аас гадна НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд ч өвөлжилт хүндэрвэл туслахад бэлэн гэдгээ Шадар сайдын Ажлын албанд өмнө нь илэрхийлсэн байна.  

Сангийн яамны төлөөлөгчийн хэлснээр, 2018 оны төсөвт 314,8 сая төгрөг тусгажээ. Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа “Яамд, орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаа, улсын төсвийн санхүүжилт болон олон улсын байгууллагуудын дэмжлэг тусламжийг гамшгийн эрсдлийг бууруулах, хүн бүрт хүрсэн үр ашигтай байлгахын тулд давхардуулахгүйгээр зохион байгуулах нь хамгийн чухал” хэмээснийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ. 

Шадар сайд Ө.Энхтүвшин Зөвлөлийн гишүүдэд хандан “Бид гамшгийн, онцгой нөхцөлд ажиллах баг учраас товлосон аливаа уулзалтаас хоцрохгүй, цаг ягштал баримтлахыг анхааруулаад хэд хэдэн үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал:

-  Засгийн газрын зарим чиг үүргийг Улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэх, үүнтэй холбогдуулан тус нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтыг аймаг, дүүргийн ирэх оны төсөвт тусгах 

-  Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах

-  Цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх

-  Хүүхэд, залуусын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөн өрнүүлэх

-  Боловсролын бүх шатны байгууллагад гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой тодорхой арга хэмжээ авах

-  Дотоодын аж ахуйн нэгжүүд 30 кг-аар боосон өвсөө 7000 төгрөгөөр худалдаж байгаагаа ярьж байна. Тийм учраас импортоор худалдан авахаасаа илүү дотоодоосоо базаах  зэргийг холбогдох яам, аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР