Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг даалгавар өглөө

2017 Оны 11 Сарын 9

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хурлын үеэр Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт хандаж үүрэг даалгавар өглөө. Тэрээр,

Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй. Гэхдээ ажлын шаардлага хангахгүй, алдаа оноо, хүнд суртал гаргасан хүмүүсийн толгойг илж болохгүй. Энэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх Засгийн газар. Сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй Засгийн газар. Бид чанарын өөрчлөлт гаргах ёстой. Ард иргэд үүнийг хүлээж байна. Хэрэгжүүлэх хүмүүс нь та бүхэн. Энэ үүргээ ухамсарлаж ажиллахыг хатуу анхаарууллаа.  Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулна

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан ихэнх аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн учир хуульд тусгасны дагуу 4.5 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгав.

Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай байгаад дүгнэлт хийж 40 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэх, малын тэжээлийн импортын болон дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Мөн малын гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилтын хүндрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор байнгын бэлэн байдалд ажиллахыг бүх шатны Засаг дарга, холбогдох агентлагийн даргад үүрэг болголоо.

Аймаг, нийслэл, сум, дүүрэг 32 мянган тонн өвс, 13 мянган тонн тэжээл бэлтгэж аюулгүйн нөөц бүрдүүлэхийг Засгийн газар үүрэг болгосон. Салбарын сайдын танилцуулгаас үзвэл 23 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэсэн байна.

Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Энэ оны есдүгээр сардБүгд Найрамдах Беларусь Улсад болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавихыг комиссын Монголын хэсгийн дарга, сайд Б.Батзоригт даалгав.

Хуралдаанаар худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлийг даван туулах боломжийн талаар хэлэлцжээ.

Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино

Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна.

Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, байгаль орчин, аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Товч мэдээ

-  Гуравдахь удаагийн “Монгол, Хятадын Экспо”-г зохион байгуулах тов, байршлын талаар БНХАУ-ын талтай тохиролцон шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгав. 

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР