Байнгын хороо Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

2017 Оны 10 Сарын 26

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.10.25) хуралдаан 14 цаг 22 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэв.

Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулга хийсэн юм. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Хамтын ажиллагааны энэхүү тохиролцоогоор АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад дээрх салбаруудын хүрээнд нийтдээ 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг тус тус олгохоор төлөвлөөд байгаа юм байна.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 хүртэл жил байдаг агаад Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх 0.5 хувийн шимтгэлтэй байдаг аж.  

Монгол Улсад хуваарилагдсан дээрх зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж боловсруулсан болохыг Сангийн дэд сайд танилцуулгадаа онцлов. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хөрөнгөөр Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх, Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засвар, Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр (Бодлогын зээллэг), Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төсөл гэсэн нийт 9 төслийг санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөриййн төслийг зөвшилцөх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Мөн энэ асуудлыг Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлснийг Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүдэд танилцуулсан юм.

Сангийн дэд сайдын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төсөлд тусгасан төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн боловсруулалт, үр өгөөжийн талаар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Ажлын хэсгийн гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслийн хүрээнд нийт 50 сая ам.долларын хөрөнгийг Улаанбаатар хот, зарим аймгийн төвүүд зэрэгт нийт 35 сургууль, цэцэрлэгийг шинээр барих болон өргөтгөх замаар гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгааг хэлсэн бол Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төслийн санхүүжилтийн 60 сая ам.долларын хөрөнгийг Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулагийн замыг засаж сайжруулах, мөн 6 аймгийн хамгийн их ачаалалтай замыг хэсэг болон осол их гардаг 9 цэгийг засахад зарцуулах юм гэлээ.

Мөн Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн санхүүжилтийг эрчим хүчний дутагдалтайгаас гаднаас авдаг эрчим хүчээр гол эх үүсвэрээ хангаж байгаа баруун аймгуудад сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг шинээр барих, нар-усны хосолмол эх үүсвэрийг бүрдүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих анхны томоохон төсөл болно гэж яам үзэж байгаа. Энэ хүрээнд Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Дорнод аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөгжлийн төвүүд байгуулах, тэдний боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх зээлийн эх үүсвэр бий болгох, тээвэр, мэдээллийн дэд бүтцийг сайжруулахад төсөл чиглэгдэж байгааг хэллээ. Түүнчлэн Сангийн дэд сайд Х.Булгантуяа, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон Барилга, хот байгуулалт, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнууд өөрсдийн салбарын хүрээнд хэрэгжүүлэхээр төсөлд тусгагдсан төслийн санхүүжилт, үр өгөөжийн талаар гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Т.Аюурсайхан, Б.Жавхлан, Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Үг хэлсэн гишүүд маш таатай нөхцөлтэй энэ зээлийг авч ашиглах нь зүйтэй, гэхдээ үр өгөөж багатай олон жижиг хэсэгт тарааж цацах биш алсыг харсан цөөн хэдэн чухал асуудлыг цогцоор нь шийдэхэд анхаарах, үүний зэрэгцээ импортыг орлох, экспортыг дэмжихэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуй, жижиг дунд бизнесийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй, түүнчлэн төслийн үр өгөөжид онцгой анхаарах шаардлагатай зэргийг хэлж байв. Мөн энэ удаад зээлийн ерөнхий гэрээг зөвшилцөх асуудлыг ярьж байгаа учраас улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа, зээлийн таатай нөхцөлийг ашиглах нь чухал байгаа зэргийг харгалзан зөвшилцөхийг дэмжиж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжиж буйгаа илэрхийлээд зээлийн хөрөнгөөр санхүүжих төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар эргэн харж нухацтай боловсруулан АХБ-тай ярилцаж ойлголцох замаар зээлийн гэрээг соёрхон батлуулах үедээ асуудлыг цэгцэлж оруулж ирэхийг Сангийн яам болон ажлын хэсэгт анхаарууллаа.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ.  Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ