М.Энхболд: Сонгогч олон маань сонгуульдаа ирц бүрэн оролцоосой гэж хүсч байна

2017 Оны 7 Сарын 7

Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд саналаа өглөө.

М.Энхболд: Би Монгол Улсынхаа иргэнийхээ хувьд дахин санал хураалтад сонгуулиа өглөө. Энэ жил дахин санал хураалттай их урт сонгууль болж байна. Урт удаан хугацаанд ард иргэдээ талцуулж, нэгнээ харлуулах үйл явц харамсалтай нь маш их байлаа. Энэ бүгдийн цаана иргэнд талцсан хуваагдсан үйл явдалд маш их харамсаж байна. Миний хувьд эвийг эрхэмлэдэг хүн гэдгийг манай сонгогчид маань маш сайн мэднэ. Би эв нэгдлийг албан тушаалаас ч илүү эрхэмлэдэг хүн.  Монгол улсын үндсэн хуульд зааснаар иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой. Зарим улс төрийн хүчнүүдийн зүгээс иргэдийн сонгох сонгогдох эрхэнд нь халдах оролдлогыг хийж байна. Цагаан хуудас өгөөрэй гэж иргэдийг уриалж байгаа нь сонгогчдын эрхэнд халдаж байгаа үйл явдал болж байна. Тиймээс иргэд маань хуулиар олгогдсон эрхээ өөрийнхөө хүсэж байгаагаар эдлэх нь зүйтэй юм. Мөн энэ сонгууль ирц бүрэн дүүрэн болж өндөрлөөсэй гэж хүсэж байна. Монголчууд наадмын маргааш намар гэж ярьдаг. Зун эхэлсэн сонгууль намартай золгож наадамтай золгож сунжирч удаашрах нь зохимжгүй юм. Тиймээс сонгогч олон маань сонгуульдаа ирц  бүрэн оролцоосой гэж хүсч байна. Ингээд сайхан наадам болохын ерөөлийн дэвшүүлье. Харвасан сум нь онч мэргэн байж дэлгэр сайхан наадаарай.

Н.Мичидмаа

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал