Жанжны дүүргийнхэн оюунлаг сонголт хийнэ

2017 Оны 6 Сарын 19

Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө иргэд, сонгогчиддоо танилцуулах ээлжилт уулзалтаа нийслэлд үргэлжлүүлж байна. Тэрбээр нийслэл Улаанбаатар хотын зүрхэнд орших, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчтой уулзаж, захиас даалгавар авлаа. Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө тэмцэж явсан их жанжин Д.Сүхбаатараар овоглодог энэ дүүрэг 130 гаруй мянган хүн амтай. Тэдний төлөөлөл АСА циркэд дүүрэн цуглаж, Миеэгомбын Энхболдыг дэмжихээ илэрхийллээ. Миеэгомбын Энхболд эхнэртэйгээ хамт нийслэлийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг 1982 онд төгссөн бол түүний аав, ээж хоёр мөн энэ сургуулийг 1952 онд дүүргэжээ. Мөн хүү, охин хоёр нь ч уг сургуулийг төгссөн. Ийн гурван үеэрээ эрдэм ном сурч, дээд боловсрол эзэмших сууриа нэгдүгээр сургуулиас тавьсан талаараа дурслаа. Төрөлх сургуулийн багш нар болон үе үеийн төгсөгчид нь ч түүнийг дэмжихээр уулзалтад хүрэлцэн иржээ.  

Энэ дүүргийнхний итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Цогтбаатар уулзалтын эхэнд Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болохын давуу талыг онцолж, Ерөнхийлөгч болоод нийслэлийн дахин төлөвлөлтөд анхаарал хандуулахыг хүслээ. Мөн энэ дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нэр дэвшигч Миеэгомбын Энхболдтой есөн настайдаа анх танилцсанаас хойш 40 гаруй жил нөхөрлөжээ. Миеэгомбын Энхболд энэ хугацаанд нэг л зангаараа, нэг л янзаараа яваа нь эрхэм чанар гэдгийг тодотгосон юм. Тэрбээр гаднынхан биднээс нэгдсэн бодлого, эв нэгдэл, тууштай, тогтвортой төрийн үйл ажиллагаа хүсдэг учир төрийн гурван өндөрлөг нэг намынх байснаар энэ нөхцөл бүрдэнэ хэмээн онцлов.   

Үүний дараа Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Сүхбаатар дүүргийнхэн хөдөлмөрч, мэдлэг боловсролыг дээдэлдэг оюунлаг ард түмэн. Тиймээс ам ажлын нэгдэлтэй, аливаад авах гээхийн ухаанаар ханддаг, эрдэм боловсролтой Миеэгомбын Энхболдыгоо дэмжиж, Ерөнхийлөгчөөр сонгоно гэдгээ жанжны дүүргийнхэн илэрхийлж байна.

Уулзалтын үеэр иргэдийн санал бодлыг сонслоо.

С.Ваанчиг: Хийрхэлд автахгүйгээр сонголтоо зөв хийгээрэй

-Би Монгол Ардын Намд элсээд 80 гаруй жил болж байна. Энэ хугацаанд миний итгэлийг алдаж байгаагүй учир залуус минь эртнээс сайн мэдэх, улс төрийн ууган хүчнээ дэмжээрэй. Хийрхэлд автахгүйгээр сонголтоо зөв хийгээрэй.  Миеэгомбын Энхболд бол төлөв төвшин зантай, төр засагт олон жил ажилласан. Ийм л хүн төрийн тэргүүн болох ёстой. Ахмадууд биднийг ач санах хуультай болгож, жилд хоёр удаа урамшуулал олгодог болсонд баярлаж явдаг.

Б.Жамъяндорж: Ерөнхийлөгч болоод хэлснээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна

 -Монгол Улсын Ерөнхийлөгч боловсролтой, туршлагатайн зэрэгцээ үйлдвэрлэлийг дэмждэг, улс орноо хөгжүүлэх чин хүсэлтэй байх ёстой. Энэ шаардлагыг хангасан хүн бол Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболд. Тиймээс энэ хүнийг дэмжээд уулзалтад нь оролцож, мөрийн хөтөлбөрийнх нь талаар сонслоо. Ерөнхийлөгч болоод мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Д.Цэнд-Аюуш: Залуус бид сонгуульд оролцохгүй гээд хойш сууж болохгүй

-Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай энэ үед бид сонгуульд оролцохгүй гээд хойш сууж болохгүй. Ирэх дөрвөн жилд бидний амьдрал дээшлэх үү эсвэл улам дордох уу гэдгийг энэ сонгуулиар шийднэ.Тиймээс нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, уулзалт цуглаанд нь оролцож байгаад зөв сонголт хийх хэрэгтэй. Энэ хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн шаардлага шалгуурыг хангасан.  Мөн залуучуудыг анх удаа хуультай болгосон. Ингэснээр бидэнд олон давуу тал бий болсон. Би нэр дэвшигчдийг бүх талаас нь харьцуулж үзээд Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн.

М.Билгүүн: Мөрийн хөтөлбөртэй нь танилцаж байж сонголтоо хийнэ

-Монгол Улсын Ерөнхийлөгч ийм, тийм байх ёстой гэсэн олон шалгуур тавьж байна. Миний хувьд туршлагатай байх нь хамгийн чухал. Одоогоор аль нэр дэвшигчид саналаа өгөхөө шийдээгүй. Аль намын ямар хүн байх нь гол биш. Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж байгаад сонголтоо хийнэ. Ямартай ч Монгол Ардын Намын нэр дэвшигчийн уулзалтад оролцож байна. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх бодлого, зорилт багтсан байна.

Н.Ариунжаргал: Хийх ажил нь тодорхой хүнд саналаа өгнө

-Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Бусад нэр дэвшигчтэй нь харьцуулахад хийсэн ажилтай, хийх ажлын төлөвлөгөө нь тодорхой, хамтарч хэрэгжүүлэх багтай, өөрөө тал бүрийн мэдлэгтэй, туршлага зэргээрээ илүү давуу. Хувь хүнийхээ хувьд шударга, эгэл жирийн санагддаг. Хүмүүс арав, хорин мянган төгрөгөөр дөрвөн жилийн амьдралаа сольчихдог тал бий. Энэ удаад дотроо бодолтой, дороо суурьтай байж, сонголтоо зөв хийгээрэй. 

Г.Тэрбиш: Буух эзэнтэй, буцах хаягтай уугуул намын хүнээ дэмжинэ

-Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай үед тулж ирлээ. Нэр дэвшигчид уран цэцэн, гоё сайхан ярих нь гол биш. Хэрэв энэ хүн Ерөнхийлөгч болбол миний, бидний төлөө юу хийх билээ, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах уу, улс орноо гадаад төлөөлж чадах уу гэдгийг юун түрүүнд бодох хэрэгтэй. Сонгуульд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Би Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбыг дэмжиж байна. Сүүлийн үед улс төрийн намууд тарж бутардаг, эсвэл шуудайд хийсэн үхрийн эвэр шиг талцаж муудалцдаг болсон. Тиймээс буух эзэнтэй, буцах хаягтай уугуул намын хүнээ дэмжинэ.

Д.Батцэцэг: М.Энхболдод хүмүүс ам сайтай байна лээ

-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн иргэдтэй уулзаж байгаа уулзалтын харахад Миеэгомбын Энхболдод хүмүүс ам сайтай байна. Өнгөрсөн жилийн сонгуулиар хүмүүс Монгол Ардын Намд итгэл хүлээлгэсэн. Энэ удаад ч ялгаагүй намынх нь хүнийг сонгочихоод дараа нь хариуцлага нэхнэ гэж ярьж байна. Би ч мөн адил үүнтэй санал нэг байгаа. Тиймээс Миеэгомбын Энхболдод саналаа өгнө.

 

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал