Үзэл бодолдоо туйлбартай Увс нутгийнхан бидний сонголт Миеэгомбын Энхболд гэж байна

2017 Оны 6 Сарын 17

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг  Увс нутгийнхан, Хархираагийн улс  хур бороотой  угтан авлаа. Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист сонгуулийнхаа сурталчилгааг хийж түмэн олонтойгоо учран уулзаж яваа  Миеэгомбын Энхболд Улаангомд очингуутаа Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хувьтай хүн хур борооноор гэдэг сайхан үгээр угтсан Увс нутгийнхан Миеэгомбын Энхболдыг Монгол төрийн тэргүүн хэмээн дахин  билгэшээж, Монгол бөхийн хийморь шингэсэн босоо цагаан өргөөндөө  зон олонтойгоо хийх уулзалтыг нь   эхлүүллээ. Өргөө том ч  багтаагүй үлдсэн өргөн олон бороотой байна гээд гэрийн зүг явсангүй, гоморхсонгүй хурын усыг үл тоон гадаах ил талбайгаасаа нэр дэвшигчийн уулзалтыг дэлгэцээр үзэж, үгийг нь сонсож , хамт байгаа шүү гэдгээ илэрхийлж байсан юм. Увс нутгийнхан нугардаггүй урвадаггүй, туйлбартай сайхан ард түмэн. Тиймдээ ч тэд бөхийн өргөөнд багтаагүйдээ урвалзаж төвөгшөөлгүй  шаагин орох  бороог үл хайхран Монгол Улсын төрийн тэргүүнд нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболдыг  сэтгэл зүрхээрээ дэмжиж, урам зориг, сэтгэлийн хүч өгч бидний сонголт  Миеэгомбын Энхболд  гэж байлаа.



УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Увс нутгийнхан өнгөрсөн жил өөрийн бахархалт хүү  төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын  мэндэлсний 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн. Монгол төрийг, Монгол Улсыг 40 шахам жил удирдсан тэр хүний агуу их үйл хэргийг Ардчилсан намыхан үгүй хийж, өөрийг нь эх оронд нь ч ирэх эрхгүйгээр хүний нутагт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Тэгвэл Миеэгомбын Энхболд дарга  Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэх санаачилгыг гаргаж бүх талаар дэмжсэн юм шүү  хэмээн хэлэхэд  хурсан олон  танхим цуурайтуулан  талархалаа илэрхийллээ.

Увс аймаг Улаанбаатар хотоос 1336 км-ийн зайд оршдог. Аймгийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалан. Сүүлийн үед  уул уурхайн салбар ч ихээхэн  өсч байгаа юм.



Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд, Мөрийн хөтөлбөртөө эдийн засгаа өсгөх бодлого явуулж, улс төрийн шалтганаар хэрэгжүүлж чадахгүй байсан томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөж эргэлтэд оруулахаар тусгаснаа  онцлож байлаа. Ингэхдээ уул уурхайн салбарыг ээлж дараатай эрэмбэтэй ашигладаг төрийн бодлогыг тодорхойлох ёстой гэж үзэж буй аж. Өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ их хувь хишгийг нэг дор ашиглавал ирээдүйд яах вэ гэсэн хүнд байдалд орох тул уул уурхайн салбарыг хөгжүүлэх, ашиглах төрийн маш цэгцтэй бодлого хэрэгжүүлэхээ дуулгалаа. Улсын эдийн засгийн уул уурхайн салбарын хэт хамаарлыг бууруулах чиглэлээр хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарыг дэмжих бодлогыг бодит ажил болгохыг Засгийн газраас шаардаж ажиллахаа Миеэгомбын Энхболд Увс нутгийнханд хэллээ. Үүний зэрэгцээ үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн бодлогыг төрөөс авч хэрэгжүүлж, макро эдийн засгийг дэмжсэн хөтөлбөрийг олон жил ярьж байгаа. Харин түүний мөрийн хөтөлбөрт микро эдийн засгийг хөгжүүлэх  тодорхой бодлого дэвшүүлснээс гадна эрчим хүчний хэрэгцээг дотоодын найдвартай эх үүсвэрээс бүрэн хангах, цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч ашиглах төр болон хувийн хэвшлийн санаачлага, ажил хэргийг дэмжихээ илэрхийллээ.



Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Миеэгомбын Энхболдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжих боломжтойг очсон газар бүртээ тодотгож байгаа. Гагцхүү энэ боломж бүрдэх гол гогцоо нь УИХ-д МАН-ын 65 гишүүн байгаа болон Засгийн газар, аймаг, орон нутгийн удирдлага нь Ардын намынх учир түүний мөрийн хөтөлбөрийн нэгэн бодлогоор дэмжиж, хэрэгжүүлэх бүрэн боломжтойг хэллээ. Тэрбээр “Миеэгомбын Энхболд өөрөө шударга байдлыг үлгэрлэдэг хүн. Тиймээс намайг Ерөнхийлөгч болоход Увс нутгийн ард түмэн 77 хувиар дэмжиж байсан шигээ Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Миеэгомбын Энхболдыг дэмжиж өгөхийг хүсье. Бүр дээр нь, 77 хувь дээрээ дахиад хоёр хувийг нэмээд өгөөрэй гэж хүсье” гэлээ.

Увс нутгийнхан Миеэгомбын Энхболдын “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрийг монгол уламжлалаа илтгэсэн, монгол түмний итгэлийг дааж, сэтгэлийг шингээсэн сайн хөтөлбөр болсон хэмээн сайшааж байлаа. Тиймээс Увс нутгийн иргэд, сонгогчид улс оронд ихийг хийж бүтээх, эрдэм мэдлэгтэй, ноён нуруутай хүнээ дэмжихээ илэрхийллээ.



-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболдыг дэмжиж оролцоно. Энэ хүн эвийг эеийг эрхэмлэж, өв уламжлаа дээдэлж байгаа нь түүнийг дэмжих шалтгаан юм. Монгол Улс эвтэй байхдаа ялдаг. Тиймээс эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч Монгол Улсад хэрэгтэй гэж үзэж Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна.



-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Монгол төрийн үе үеийн түшээ байж, Монгол Ардын Нам гэх томоохон айлыг эв эеийг нь олж, өнөөгийн Монголын төрийн эдийн засгийг тогтвортой байлгаж буй Миеэгомбын Энхболдыг Увсчууд бид эргэлзээгүй дэмжинэ. Энэ хүн бол хийнэ гарсан төрийн түшээ, хашир сууж, хал үзсэн улстөрч. Миеэгомбын Энхболд олон улсад Монгол орны нэр нүүр, өнгө болж, бид бүхний бахархлыг дэлхий нийтэд уухайлан дуудах, үе үеийн төрийн удирдалгуудын хийж чадаагүй зүйлийг хийж бүтээх төрийн түшээ байна гэдэгт итгэлтэй байна.



-Миеэгомбын Энхболдын төлөө саналаа өгнө. Энэ хүний мэдлэг боловсролыг үнэлж байна. Төр засагт хийж гүйцэтгэсэн ажлын дадлага туршлагад нь би итгэж байна. Монгол Улсын газар нутаг хүн амын амгалан тайван байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал хэцүү нөхцөлд хүрсэн байна гэж би үзэж байгаа. Энэ нөхцөл байдлыг Миеэгомбын Энхболд таслан зогсоож чадна. Түүний дэвшүүлсэн “Эвтэй Монгол, ээлтэй төр” гэсэн уриаг маш их дэмжиж байна. Хүн хэлсэндээ хүрэх ёстой. Миеэгомбын Энхболд бол хэлсэндээ хүрдэг хүн. Тиймээс би ямар ч эргэлзээгүйгээр энэ хүнд саналаа өгнө.



-Миеэгомбын Энхболд боловсрол, мэдлэгтэй эдийн засагч хүн. Тиймээс ч өнөөдөр энэ хүний ачаар Монголын эдийн засаг сэргэж, монгол төгрөгийн ханш өслөө. Төрийн албан тушаалыг олон жил хашсан, туршлагатай, ноён нуруутай хүн төрийн тэргүүн болох ёстой. Энэ шалгуурт Миеэгомбын Энхболд яах аргагүй тэнцэж байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд Миеэгомбын Энхболдод саналаа өгнө.





















Э.Цэцэг

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал