Баянзүрхчүүд: Эвтэй, ээлтэй мөрийн хөтөлбөртэй хүнээ дэмжинэ

2017 Оны 6 Сарын 15

Багш нарын хөдөлмөрийн хөлс, үнэлэмж хангалтгүй байгаад сэтгэл нь эмзэглэж явдаг талаар боловсролын салбарт 40-өөд жил ажилласан, Баянзүрх дүүргийн нэгэн иргэн ярилаа. Уг нь аливаа улс орны амин чухал салбарт ажиллаж, иргэдээ эрдэм боловсролтой болгох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг хүмүүс бол багш нар. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс боловсролын салбар, багш нарт зориулсан ямар бодлого хэрэгжүүлэхээр тусгасныг юун түрүүнд харж сонголтоо хийснээ тэрбээр онцоллоо. Түүний тэрхүү шаардлага, шалгуурт нийцсэн, эвтэй, ээлтэй мөрийн хөтөлбөртэй нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд байсан учраас түүнийг дэмжихээр Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах уулзалтад ийн хүрэлцэн иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын ээлжилт уулзалт Баянзүрх дүүргийн иргэд сонгогчид болон төрийн албан хаагчидтай хийх уулзалтаар үргэлжилж байна.

Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа эв эеийг чухалчилж, багш, эмчийг дээдэлсэн нийгмийг цогцлоохоор тусгасан. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө эрдэмт багш нараа дээдлэн шүтдэг нийгэм төлөвшүүлэх, багш бэлтгэх тогтолцоог хамгийн чанартай түвшинд хүргэх бодлогыг баримталж ажиллахаа илэрхийлсэн. Багш хүн ирээдүйн Монголыг бүтээх учраас тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх талаар тусгасан юм. Мөн эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарахаар тусгасан нь энэ салбарын төдийгүй олон иргэдийн сэтгэлд нийцэж байгаа билээ. Энэ нь түүнийг дэмжих бас нэгэн шалтгаан болж байгааг нэр дэвшигчийн уулзалтад оролцож буй хүмүүс удаа дараа тодотгож байлаа. Үүний дараа нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа мэргэшсэн төрийн албыг бий болгох зорилт дэвшүүлснээ онцлов.

Богдхан уул, Багатэнгэр, Төр хурахын ам, Хар усан тохой зэрэг үзэсгэлэнт газарт оршин суудаг 327 мянга гаруй баянзүрхчүүд өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын Намын дөрвөн хүнд итгэл хүлээлгэж, УИХ-д сонгосон. Сонгосон иргэдийнхээ итгэлийг алдахгүй, эргэх холбоотой ажиллаж буй УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, Б.Батзориг нар уулзалтад оролцож, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн онцлох заалт болон хувь хүнийх нь тухайд байр сууриа илэрхийллээ.

Б.Мөнгөнзул: Ерөнхийлөгч болоод кино урлагийн салбарт анхаараасай гэж хүсч байна

Би нам бус. Гэхдээ энэ удаагийн сонгуульд Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Залуусыг дэмжих бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна билээ. Ерөнхийлөгч болбол энэхүү зорилтоо хэрэгжүүлэх нь мэдээж. Үүнээс гадна кино урлагийн салбарт анхаарал хандуулж, тодорхой бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. 

Б.Балжинням: Амлалтаа биелүүлнэ гэж итгэж байна

АН-аас нэр дэвшин Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудалд найман жил суусан ч  юу ч хийж, бүтээгээгүй. Анх гарч ирэхдээ уран сайхан ярьж, ард түмний толгойг сэнхрүүлсэн. Түүнд нь итгэж иргэд саналаа өгсөн боловч далаараа тавиуллаа. Одоо энэ удаагийн сонгуулиар сайхан ярьж байгааг нь биш, хийж хэрэгжүүлэхээр зорьж байгааг нь сонгох хэрэгтэй гэж үзээд Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн. Энэ хүнийг улс орон, ард иргэдийнхээ төлөө тууштай ажиллаж, амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Ж.Нямсүрэн: Хүнийг нь харж сонголтоо хийсэн

Би аль нэгэн намыг дэмждэггүй. Сонгуулиар нэр дэвшиж буй хүнийг нь харж сонголтоо хийдэг дээ. Энэ удаад ч мөн ялгаагүй хүнийг харж, Миеэгомбын Энхболдыг дэмжиж, уулзалтад нь оролцож байна. Энэ хүнд олон түмэн итгэл хүлээлгэж байна. Тэдний итгэлийг дааж, амласнаа биелүүлэх нь л чухал.

Ш.Батсайхан: АН ярьдаг шигээ хийж чадаагүй учир одоо өөр сонголт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван хүнээс Миеэгомбын Энхболд туршлагатай, мэдлэг боловсролтой, ээлтэй мөрийн хөтөлбөртэй болохоор нь дэмжиж байна. АН Ерөнхийлөгчөөр найман жил, төр засгийн эрхийг дөрвөн жил барьсан ч эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, иргэдийн амьдарлыг ядууруулсан. АН хэлж, ярьдаг шигээ хийдэг байсан бол тэднийг дахиад л сонгоно. Гэтэл тэд бидний итгэлийг алдсан. Одоо ард түмэн яалт ч үгүй өөр сонголт хийх нь гарцаагүй. 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал