Улс төрийн дөрвөн нам эвтэй Ерөнхийлөгчийг дэмжлээ

2017 Оны 6 Сарын 15

Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг улс төрийн дөрвөн нам дэмжиж байна. Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нар эдгээр намын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатар, Монголын ардчилсан хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, Хамуг Монголын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг нар Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын дэвшүүлсэн “Монгол төр-монгол гэр” мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлал, “Эвтэй Монгол-Ээлтэй төр” уриаг дэмжиж энэхүү сонгуульд оролцож буйгаа илэрхийллээ.

Эдгээр намуудын удирдлагууд хэлэхдээ “Босго өндөр төрийн тэргүүнээ сонгох сонгуульд төрийн ажлын арвин туршлагатай, бэлтгэгдсэн нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байна. Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бол эв эе, эв нэгдлийг илэрхийлсэн, уриа нь ч мөн төрийн тэргүүнд Үндсэн хуулиар олгосон Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үндсэн үүрэг хариуцлагад нь нийцсэн байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуульд бид дэмжиж оролцож байна” гэлээ.










Х.Туяа

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал