БАЯНХОНГОРЫНХОН БАГААР НЬ СОНГОСОН СОНГОЛТОО БАТАЛГААЖУУЛНА

2017 Оны 6 Сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-наас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын хонгор нутгийн түмэнтэй хийсэн уулзалт 10.00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт эхэлсэн юм. Хөгжимт драмын театрын заал дүүрэн үзэгч цугларсан байлаа. Харин зааланд орж чадаагүй дэмжигч, сонгогчид аймгийн Соёмбот талбайд цугларсан байсан юм.
Энэ удаагийн Ерөнхиийлөгчийн сонгууль баянхонгорчуудын хувьд онцлог юм. Тус сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчдийн хоёр нь энэ нутгийн уугуул. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Улсын Төрийн тэргүүнийг сонгох их сунгаанд Хонгор нутгийн уугуул хоёр эрхэмтэй өрсөлдөж байгаа нь миний амьдралд тохиолдож буй онцгой хувь тохиол юм. Бидний нэг нь л сонгогдоно. Гэхдээ цаашдаа Монгол эх орон, монгол түмнийхээ төлөөх үйлсэд гар, сэтгэл нийлэн хамтарч зүтгэнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн уулзалтын эхэнд онцлов. Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд УИХ-ын даргын албыг хүлээж авсны дараах орон нутагт ажиллах анхны албан томилолтоо Баянхонгор аймгаас эхэлж байсан юм.



Тэрбээр уулзалтын эхэнд “Хонгор нутаг бол олон зуун мянган жилийн тэртээ Монгол нутагт хүн анх суурьшин амьдарч байсан эртний түүхийн өлгий нутаг билээ. Түүнчлэн Монгол орны маань байгаль, түүх, соёлын гайхамшигтай сайхан дурсгалуудын голомт, Монголын ард түмний хайрлан хүндэтгэдэг олон алдарт түүхэн хүмүүсийн өлгий нутаг юм. Монгол түмний нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа, С.Гончигсумлаа, Монгол төрийн гадаад харилцааны амьд домог болсон М.Дүгэрсүрэн, Монгол хэл шинжлэлийн гарамгай эрдэмтэн Я.Цэвэл, Ш.Лувсанвандан нарын зэрэг олон сайхан хүнийг би бахархан хүндэлдэг. Баянхонгор нутгийнхантайгаа ажил, амьдралын олон жимээр холбогдож, энэ сайхан нутагт хэдэнтээ ирж, нутгийн ажилсаг, хөдөлмөрч хүмүүстэй уулзан танилцаж, Хонгор нутгийг хөгжүүлэх үйлсэд төр, Засгийн газрыг төлөөлөн хамтран ажиллах хувь тохиож байснаа дурсахад таатай байна” гээд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Энэ үеэр Баянхонгор аймгийн иргэдийн сэтгэгдлийг нь сонслоо.
 
О.Сүрэн: Тулхтай, ноён нуруутай хүн гэж Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна



-УИХ-аас батлан гаргасан Шүүхийн эрх мэдлийн шинэтгэл, Эрүү, зөрчлийн хуулиуд  олон түмэнд хэрэгтэй зүйл болсон. Энэ бүх хууль тогтоомжийг батлахад Миеэгомбын Энхболдын хувь нэмэр, санал, санаачилга их гэж хувь хүнийхээ хувьд үздэг юм. Энэ хүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь нөгөө хоёр нэр дэвшигчийнхийгээ бодвол олон түмний амьдалд нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байсан. Тиймээс тулхтай, ноён нуруутай хүн гэж Миеэгомбын Энхболдод итгэж, түүнийг дэмжиж байна.
 
Э.Мөнгөнцоож: Залуус бидэнд боловсролтой Ерөнхийлөгч хэрэгтэй



-Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болоод эх орныхоо төлөө хийж чадах бүхнээ зориулж л байвал болох нь тэр. Мөрийн хөтөлбөр нь ч сэтгэлд нийцэж байгаа. Хөдөө орон нутгийг, хөдөөгийн залуусыг хөгжүүлэх талд түлхүү анхаарч ажиллаарай. Залуус бидэнд боловсролтой Ерөнхийлөгч хэрэгтэй.
 
О.Батболд: Эвтэй Монгол ялна



-Монголчууд эрт дээр үеэсээ эв эеийг эрхэмлэж ирсэн. Чингис хаан ч эвтэй байхыг эрхэмлэдэг хүн байсан болохоор дэлхийн талыг эзэлсэн шүү дээ. Миеэгомбын Энхболд ч эв эеийг эрхэмлэж, Монгол түмнээ хамгийн түрүүнд эвтэй байлгана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь маш их таалагдсан. Эвтэй Монгол ялна.
 
Б.Дагва: Сайн мөрийн хөтөлбөртэй байхад алзахгүй ээ



-Би Баянхонгор сумын V багийн иргэн. Манай гэр бүл, үр хүүхдүүд  Миеэгомбын Энхболдыг төрийн албыг доороос нь эхэлж өнөөдрийн өндөрлөгт хүртэл нь хашиж ирсэн туршлагатай хүн гэж дэмжиж байгаа. Миеэгомбын Энхболд ярьдаг биш хийдэг, улс төрийн ноён нуруутай хүн. Мөрийн хөтөлбөр нь ард түмний эрх ашиг, улс орныхоо эв нэгдэл, хөгжлийг эрхэмлэсэн цогц бодлого болж чадсан байна. Ийм мөрийн хөтөлбөртэй байхад алзахгүй ээ.
 
Р.Наранцэцэг: Монгол гэрийг хэзээ ч ганц хүн барьдаггүй



-Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа. Би боловсролын салбарт олон жил ажилласан. Мөрийн хөтөлбөртөө багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхээр тусгасан нь багш хүний хувьд надад маш их таалагдсан. Монгол Улсад эв нэгдэл хамгийн чухал байгаа өнөө үед эв нэгдлийг эрхэмлэж байгаа нь сайшаалтай. Монгол гэрийг хэзээ ч ганц хүн барьдаггүй. Хамтаараа, бүлгээрээ барьдаг. Дээр нь гэр барихад маш их ур дүй ордог учир Монгол гэрээ бэлгэдэж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа нь сайхан санагдлаа.
 
Д.Хишигбаяр: Эмэгтэйчүүд хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад нь талархаж явдаг



-Баянхонгор аймгийн Нийгмийн ардчилал, эмэгтэйчүүдийн холбоо Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа үйл  явцыг дэмжиж оролцож байна. Нэр дэвшигч “Цалинтай ээж хөтөлбөр”, хүүхдийн мөнгө гээд эмэгтэйчүүд хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад нь талархаж явдаг. Миеэгомбын Энхболд боловсролын төвшин, ноён нуруугаараа нөгөө хоёр нэр дэвшигчээсээ илүү байж, Монгол төрийн тэргүүн болж,  дэлхий нийтэд Монгол Улсыг төлөөлж чадна гэдэгт итгэлтэй байна.













Э.Цэцэг 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал