“ЭДИЙН ЗАСАГЧ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ, ЭВТЭЙ МОНГОЛ ЯЛНА”

2017 Оны 6 Сарын 12
Монгол Улсыг удирдаж явсан төрийн үе үеийн тэргүүнээс Миеэгомбын Энхболд эдийн засагч гэдгээрээ онцлог, давуу болохыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзах үеэр тодотгон хэлсэн нь олон хүний талархлыг хүлээв. Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөрөө сонгогчдоо танилцуулах ээлжит уулзалт Хан-Уул дүүргийн спорт цогцолборт үргэлжиллээ. Аливаа улс орны хөгжил цэцэглэлт, иргэдийн амьдрал эдийн засагт тулгуурладаг учир улсын Ерөнхийлөгч эдийн засагч мэргэжилтэй байх нь бидний хувьд давуу үзүүлэлт.
Нөгөө талаараа  манай улсын эдийн засаг өнгөрсөн хугацаанд хасах зааж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид “нүүрээ буруулсан” учир бидэнд эдийн засгийг ойлгодог, мэддэг хүн хэрэгтэй болов уу. Монголчууд хүндхэн цаг үеэс гаргаж чадах чадамжтай багаа УИХ-ын сонгуулиар сонгосон. Үүний үргэлжлэл болж Хан-Уулчууд энэ удаад ч мөн хариуцлагатай сонголт хийж, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод их итгэл хүлээлгэж, төрийн хүнд ачааг үүрүүлнэ гэлээ.
Ийн сонголт хийх болсон шалтгаан нь залуугаасаа өнөөг хүртэл төрийн албанд ажиллаж, ард түмнийхээ итгэлийг даасан, туршлагатай улстөрч гэдэг нь нөлөөлжээ. Тэд ийм л хүн энэ хүнд үед улсаа өөд нь татаж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх учиртай гэсэн юм.
Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө танилцуулж, “Эвтэй Монгол-Ээлтэй төр”-ийн төлөө нэр дэвшиж буйгаа дуулгалаа. Товчхон дурдвал, багш, эмчийг дээдлэх, малчдаа урамшуулах, эмэгтэйчүүдээр шийдвэр гаргуулах, эх үрс, залуусын бодлогыг хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжих, сайн хөршийн харилцааг бий болгох зэрэг олон зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар танилцуулав. Хэрэв түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгож, их итгэл хүлээлгэвэл монгол төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, нийгмийн бүлгүүдийн оролцоо, саналыг хүндэтгэн хангаж, УИХ, Засгийн газартай гар нийлэн, хүч хавсарч энэхүү мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ гэдгээ Хан-Уулынханд дуулгасан. Үнэхээр хамтарч ажиллах чадвартай багтай гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулж, Залуусын хөгжлийг дэмжих тухай хууль, батлан хамгаалахын салбарын багц хууль, ахмад настан, мал аж ахуйн салбарыг дэмжсэн зэрэг олон хуулийг батлуулж, салбар бүрийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгосон билээ. Иймд цаашид УИХ, Засгийн газартайгаа ойлголцож, хамтарч ажиллаж чадах хүн бол Миеэгомбын Энхболд. Тийм ч учраас учир мэдэх хүмүүс “Төрийн ажилд хориг тавих биш, тэднийг дэмжиж, үүрэг даалгавар өгөх намынх нь хүн хэрэгтэй” хэмээн ярьж сууна. 



Ханбогд уулаа түшиж, хатан туул голоосоо ундаалж амьдардаг энэ дүүргийн иргэд өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Намын гурван ч хүнд санал өгч, төрд илгээсэн. Энэ удаад ч сонголтоо баталгаажуулна гэдгээ уулзалтын үеэр мэдэгдээд амжсан. Тэдний итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүдийн нэг Д.Сарангэрэл уулзалтад оролцож нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөрөөс онцлов. Тэрбээр чөлөөт хэвлэлд ээлтэй Ерөнхийлөгч болохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан нь хэсэг бүлэг хүний талаар ярьж байгаа биш, бүх ард түмний эрх ашгийг хамгаалсан гэдгийг онцолсон юм. Түүнчлэн авлигатай холбогдсон бол ахиад төрд ирэхгүй, эзнээ олсон шагнал буюу ажил үйлс, авьяас чадвараа шударгаар ил тод үнэлүүлэн шагнуулах боломжийг иргэн бүрт олгохоор тусгасныг дурдлаа. Энэхүү уулзалтын үеэр ахмад буурлуудаа төлөөлж, Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод захиас даалгавар өгч, мялаалгын шүлэг уншиж амжилт хүсэв. Монгол Улсыг удирдан жолоодох, эх орноо олон улсад бүрэн төлөөлөх хүнээр Хан-Уулчууд Миеэгомбын Энхболдыг нэрлэж, ийн ярьж байна. 

 
Д.Чогдонхорлоо: Мэдлэг боловсрол, ес суртахуун, ноён нуруутай хүн



Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гурван хүнээс Миеэгомбын Энхболдыг дэмжиж, уулзалтад нь оролцож байна.  Ерөнхийлөгч гэдэг бэлгэ тэмдэг төдий хүн биш. Их үүрэг хүлээсэн, хариуцлагатай албан тушаал. Тиймээс мэдлэг боловсрол, ёс суртахуун, ноён нуруутай хүн байх учиртай. Энэ шалгуурыг хангасан хүн бол Миеэгомбын Энхболд шүү дээ.
 
Л.Балжинням: Төрийн толгой, хөл нэг намынх байх ёстой



Аливаа зүйлд ээлж гэж бий. Бид өнгөрсөн дөрвөн жилд АН-д итгэл хүлээлгэж, УИХ-д олонх болгосон. Төрийн тэргүүн маань ч АН-ын хүн байлаа. Хөл, толгой нь АН байсан. Гэтэл бидэнд тэд юу хийж өгөв, ямар зам руу оруулав гэдгийг бодох хэрэгтэй. Тэд ард түмнээ биш, зөвхөн эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан учир монголчууд бид өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Намд итгэл хүлээлгэж, олонх болгосон. Тиймээс одоо төрийн тэргүүнээр намынх нь хүнийг сонгох нь зүйтэй. Төрийн толгой, хөл нь нэг нам байх ёстой.  

С.Гантүшиг: Ерөнхийлөгч өндөр боловсролтой хүн баймаар байна



Хоёр шалтгаанаар Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Нэгдүгээрт, УИХ-д Монгол Ардын Нам дийлэнх суудлыг авсан учир намынх нь хүнийг Төрийн тэргүүн болгосноор нэг баг бүрдэх юм. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч өндөр боловсролтой байх ёстой. Ингэж бодож Миеэгомбын Энхболдод саналаа өгнө.
 
Б.Уянга: Анх удаа сонгуульд оролцож Миеэгомбын Энхболд ахыгаа дэмжинэ



Энэ жил би сонгуулийн насанд хүрсэн. Анх удаа сонгуульд оролцож, Ерөнхийлөгчөө сонгох гэж буйдаа баяртай байна. Миеэгомбын Энхболд мэдлэг, боловсролтой хүн болохоор оюутан, залуус бидэнд тулгамдаж буй асуудлыг мэдэрч, шийдвэрлэж чаддаг. Тиймээс энэ хүнийг дэмжиж байна. Залуус биднийг анх удаа хуультай болгосон хүн шүү дээ.
 
Б.Баярцогт: Мэддэг, чаддаг хүнээ л төрийн тэргүүн болгох хэрэгтэй


 
Залуу хүнийхээ хувьд Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Төрд олон жил ажилласан хүн арай өөр байх болов уу. Төрийн ажлыг мэдэхгүй хүн Ерөнхийлөгч болбол учраа олж, ажлаа хийх гэсээр байтал бүрэн эрхийн хугацаа нь дуусах биз. Тиймээс мэддэг, чаддаг хүнээ л төрийн тэргүүн болгох хэрэгтэй.

Ц.Ганбат: Эдийн засагч Ерөнхийлөгчтэй, эвтэй монгол ялна



Би аль ч намын харьяалалд байдаггүй. Жирийн иргэн. Гэсэн ч Миеэгомбын Энхболдыг дэмжинэ. Энэ хүн төрийн ажлыг сайн мэднэ. Хувь хүнийхээ хувьд эр хүний ноён нуруутай, төлөв төвшин.  Гурван нэр дэвшигчдээс Ерөнхийлөгч болох болзол, шаардлагыг хангасан гэж үзээд дэмжиж байгаа. Эдийн засагч Ерөнхийлөгчтэй , эвтэй монгол ялна гэдэгт би эргэлзэхгүй байна.

















Ю.Сүрэн 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал