М.Энхболд Монголынхоо тусгаар тогтнолыг улам баталгаажуулсан

2017 Оны 6 Сарын 12

Монгол Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд эх орныхоо торгон хилийн мөнхийн манаа, Хил хамгаалах ерөнхий газрынхантай уулзлаа.  Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр үг хэлж, түүний ажлын туршлага болон мөрийн хөтөлбөрийг бэлгэшээлтэй хэмээн тодотгож, амжилт хүслээ.

Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд хилчдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ сүүлийн үед тус салбарт хийгдсэн шинэчлэлт өөрчлөлт, хууль эрх зүйн орчны талаар танилцууллаа.

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, хилчдийн нийгмийн байдлыг зохицуулсан хуулийг анх 1993 онд баталсан бөгөөд түүнээс хойш нэг ч удаа өөрчлөлт оруулаагүй өдийг хүрсэн. Иймд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд УИХ-ын даргаар сонгогдон ажилласан энэ хугацаанд хамгийн түрүүнд энэ салбарын хуульд шинэчлэлийн салхи оруулсан юм. Ингэснээр энэ салбарын үйл ажиллагаа, хилчдэд тулгамдаж байсан олон асуудал шийдэгдэж, ажиллах орчин нөхцөл бүрдэж, ажилчдын нийгмийн хамгаалал дээшилж, энэ салбар өмнөхөөсөө нэг шат ахижээ.

Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд "Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө батлан хамгаалахын салбарт хэрэгжүүлэх хэд хэдэн бодлогыг тусгасан. Түүн дотроос улсын хил хамгаалахад шаардлагатай хяналт, мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн чадамжийг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлсэн. УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа энэ салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгож чадсан учир Ерөнхийлөгчөөр сонгогдвол санаачлан эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Үүнтэй ч хилчид санал нэгдэж байлаа.

Уулзалтын үеэр Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан дэслэгч генерал Ш.Арвай салбарынхаа түүхийг сөхөж, өнгөрсөн хугацаанд Монгол Ардын нам,  Миеэгомбын Энхболд энэ салбарт онцгой хувь нэмэр оруулсныг онцлов.

Хилийн тухай хуулийг эрэмдэг зэрэмдэг болгож, хилийн шалган нэвтрүүлэх үүргийг доголдуулсан явдлыг Миеэгомбын Энхболд засч залруулан, зөв чиглэлд оруулсанд хил хамгаалах байгууллагынхан гүнээ талархаж байгааг Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан П.Сүндэв дуулгалаа.

Монгол Улсын дөрвөн жилийн өнгийг тодорхойлох хариуцлагатай сонголтыг иргэд өөрсдөө хийх учир зөв хүнээ сонгох учиртай. Зөв хүнээ сонговол Монгол Улс урагшилж, буруу хүнээ сонговол эргээд ухарч, дөрвөн жилийг алдах эрсдэлтэй тул сонголтоо зөв хийхийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ үеэр уриаллаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч төвшин нуруутай, түмэн олондоо ээлтэй байх ёстой, ийм байж чадах хүн бол Миеэгомбын Энхболд гэлээ.

Э.Цэцэг

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал