Монгол, Солонгосын эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран ажиллана

2017 Оны 5 Сарын 12

Монгол Улс болон БНСУ-ын эмэгтэйчүүдийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Ниймгийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн Жу Тэ Им нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Талуудын байгуулласан хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь 2 орны эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн, улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн манлайлалд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хоёр талын болон олон талын, дээд хэмжээний уулзалтууд, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулах зэргээр хамтран ажиллахад чиглэж байгаа юм.

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбоо 2 байгууллага нь цаашид Төлөөлөгчдийн харилцан туршлага солилцоо, Байгууллага хоорондын хамтын ажиллагаа гэсэн үндсэн хоёр чиглэлд үйл ажиллагаа эрхлэн явуулна.

Санамж бичгийн хүрээнд талууд эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтыг хамтарсан болон солилцооны хэлбэрээр хийх, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгмийн хамгааллын асуудлаар туршлага солилцож, хоёр орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бусад байгууллагуудын харилцан туршлага солилцох уулзалт, сургалт, үзэсгэлэн, худалдааны арга хэмжээг зохион байгуулахаар харилцан тохиролцож, хамтран ажиллахаар боллоо.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал