Д.Амарбаясгалан: Хэнтий аймгийг гадаад, дотоодын аялал жуулчлалын гол бүс нутаг болгоход анхаарч ажиллана

2017 Оны 3 Сарын 31

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллахаар мордсон юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяр, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Л.Цэнгүүнжав болоод бусад албаны хүмүүс багтсан байна.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 31-нд Хэнтий аймгийн иргэдтэй уулзалт хийснээр ажлаа эхлүүлж буй бөгөөд маргааш Дорнод, Сүхбаатар аймагт ажиллах ажээ. "Хан Хэнтий" чуулгын танхимд эхлүүлсэн иргэдийн уулзалтын эхэнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга “Манай аймагт маш олон тулгамдсан асуудал бий. Тухайлбал, Дулааны цахилгаан станц барих, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил өнөөг хүртэл хүлээлт үүсгэж байна. Тулгамдаад буй асуудлуудад салбарын сайд, дэд сайдууд тоймтой хариулт хэлэх байх” гэсэн бол Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бидний хэсэг гишүүд “Хэнтий аймгийг түүхэн, Хөвсгөл аймгийг байгалийн, Улаанбаатарыг соёлын аялал жуулчлалын бүс байна гэх хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барьсан.

Энэ хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг зүйл. Мөн Өндөрхаанаас Дадал хүртэлх 255 км замын ажлыг Зам тээвэр, хөгжлийн сайд маань шийдвэрлэсэн. Мөн “Дэлүүн болдог” нэртэй олон улсын нисэх онгоцны буудал барих асуудал бараг шийдэгдэж байна” гэх мэдээллийг иргэдэд өгсөн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаягсалан намын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцуулж "Хэнтий аймаг бол томоохон аялал жуулчлалын бүсэд тооцогддог. Тиймдээ ч энэ нутгаас сонгогдсон төрийн түшээд нутаг орноо гэсэн сэтгэлтэй байж, бодлого боловсруулж Засгийн газарт өргөн барьж, батлуулан хэрэгжүүлж байгаа нь амжилттай явж байна гэж харагдаж байгаа.

МАН-ын хувьд Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгоход анхаарал хандуулж, гадаад дотоодын аялал жуулчлалын бүс төвлөрдөг нутаг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлье” гэсэн юм. Уулзалтад оролцсон иргэд Хэнтий нутагт зорин ирж, иргэдийн санаа бодлыг сонсож, орон нутгийнхныхаа амьдрал, бодит байдлыг судалж, бодлого шийдвэртээ тусгаж байгаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд, дэд сайд нарт талархаж, цаг үеийн болон аймагтаа тулгамдаад буй асуудлуудаар асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал