УИХ-ын гишүүд ХБНГУ-д айлчлав

2017 Оны 3 Сарын 15

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга, Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид Германы Бундестагийн урилгаар 2017 оны 3 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийв. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Д.Гантулга, УИХ-ын гишүүд Д.Цогтбаатар, Б.Ундармаа, Д.Мурат нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтав.

УИХ-ын гишүүд айлчлалынхаа хүрээнд Бундестагийн дэд ерөнхийлөгч хатагтай М.Нолл, Бундестагийн Батлан хамгаалахын Байнгын хорооны дарга ноён В.Хэлльмих, Бундестагийн Төв Азийн бүлгийн дарга ноён М.Грунд болон тус бүлгийн гишүүд, Бундестагийн Гадаад бодлогын Байнгын хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны Байнгын хорооны гишүүд болон Холбооны ГХЯ-ны ТНБД М.Эдэрэртэй Берлин хотноо тус тус уулзалт хийж, монгол-германы харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг германы улс төрийн сангуудын төлөөлөлтэй УИХ-ын гишүүд уулзаж ярилцав. 3 дугаар сарын 10-нд төлөөлөгчид ХБНГУ-ын Тюринген муж улсад зочилж, хуучин уурхай байсан газарт байгалийн нөхөн сэргээлт хийсэн туршлагатай нь танилцав. Мөн төлөөлөгчид тус муж улсын бизнес эрхлэгчдийн арга хэмжээнд оролцож, Монгол-Германы бүлгийн дарга Д.Тэрбишдагва илтгэл тавив. Элчин сайд Ц.Болор төлөөлөгчдийг дагалдан айлчлалд оролцов.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал