Б.Чойжилсүрэн: Намаа хоёрт, улсаа нэгд тавилаа

2017 Оны 3 Сарын 9

 УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газар олон улсын биржид шинэ бонд гаргажээ. Евро бондын 580 сая ам.долларыг төлөх зорилгоор бонд босгожээ гэж ойлгосон. Хэдий хугацаатай, хэдэн хувийн хүүтэй бонд гэж ойлгох вэ?

-Шинэ бонд гаргаснаар гуравдугаар сарын 21-нд төлөх 580 сая ам.долларын асуудлыг шийдлээ. Жилийн хүү нь 7.625 хувь, долоон жилийн хугацаатай.

-Бондын хүү өндөр биш үү?

-Өмнөх Засгийн газрын 10.825 хувийн хүүтэй гаргасан бондтой харьцуулахад бага. Чингис бондын хүүтэй харьцуулахад өндөр. Чингис бондын хүү 4.125 хувь байсан. Гэхдээ энэ үед Монгол Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ийн 28 хувьтай тэнцэж байсан бол одоо 100 хувь давсан. Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад ажил авахад л өр таазаа цоолоод гараад явсан байсан.

-Бондын эргэн төлөлтийг долоон жилээр тооцжээ. 2024 он хүртэл гэхээр сонгуулийн цикл таараад байх юм?

-Эдийн засгийн боломж, нөөц, эргэн төлөх хугацаагаа тооцоод гаргахад л энэ цикл таарсан. Хугацаагаа богино авахаар эдийн засагтаа үр дүн гаргаж чадаагүй байтал зээлийн эргэн төлөлт хийх нь дахиад дарамт үүсгэх эрсдэлтэй. Тийм учраас 2021, 2022 онд тус бүр нэг тэрбум гаруйн төлбөр хийе, энэ нь Засгийн газар, Хөгжлийн банк хоёр нийлээд хийх төлбөр юм. 2023 ондоо жаахан амьсгаа авъя гэж тооцсон. Гол нь эдийн засгаа хурдтай томруулах шаардлага байгаа.

-Энэ сард төлөх евро бондын 580 сая ам.долларыг МАН-ын С.Батболдын Засгийн газрын үед бий болгож, өр үүсгэсэн гэдэг тайлбарыг Ардчилсан намын зүгээс хийдэг. Харин танай намынхан “Ардчилсан намынхан 580 сая ам.долларыг үрсэн” гэдэг. Аль намынх нь үед евро бондыг босгож, хэн нь хэдийг үрсэн юм бэ?

-580 сая ам.доллар бол 2012 онд МАН олонхи байхдаа авсан зээл. Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Батболдын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч, Н.Алтанхуягийн Засгийн газар шинээр байгуулагдахад 580 сая ам.доллараас нэг ч доллар зарцуулалгүйгээр хүлээлгэж өгч байсан.

-Ирэх жилээс Чингис бондын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Тодорхой төлөвлөгөө гаргасан уу?

-Хэд, хэдэн хувилбар боловсруулсан. Цаг нь ирэхээр олон нийтэд тайлагнана.

-Засгийн газар Олон улсын валютын сан(ОУВС)-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татварыг нэмэх тохиролцоонд хүрлээ. Нэг далайлтаар шууд долоон төрлийн татвар нэмэх нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд асар хүндээр тусна. Эдгээрээс НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Хувь хүний орлогын албан татварыг өсгөх, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах зэрэг асуудлыг эргэн харж, уян хатан хандах шаардлага байх шиг?

-Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийсний дүнд долоон төрлийн татвар нэмэх тохиролцоонд хүрсэн. Эцсийн шийдлийг УИХ гаргана, тодорхой зохицуулалт хийж болно. Гэхдээ энийг хийхгүйгээр хөтөлбөр хэрэгжих боломжгүй.

Хадгаламжийн тухайд бүх хадгаламжийн хүүгийн орлогод нь татвар ногдуулахаар заасан. Өмнө нь энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдээд хэрэгжих хугацааг нь 2018 оны нэгдүгээр сарын 1 болгож хойшлуулсныг есөн сараар урагшлуулж 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан.

-Том хадгаламжид татвар ногдуулаад жижигт татвар ногдуулахгүйгээр зохицуулж болдоггүй юм уу. Дундаж орлоготой иргэдийн хувьд хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зарцуулах гэж хэдэн төгрөг хуримтлуулдаг. Хэрэв том хадгаламжийн хүүнд татвар ногдуулбал, хөрөнгийн зах зээл ч сэргээд эхэлж магадгүй?

-Чи ийм байр суурь барьж болно. Гэхдээ энэ улс татваргүй байх юм уу. Орлого, зарлага хоёрын баланс алдагдсан. Ядаж л олж байгаа орлогынхоо хэмжээнд зарлага гаргадаг болмоор байна. Өндөр зарлага гаргах гэж байгаа бол өндөр орлого л олох хэрэгтэй. Зарлага нь даваад байхаар зээл тавьдаг, эцэстээ өр нь тааз нэвтлээд явдаг хариуцлагагүй юм руу орж байна шүү дээ.

-Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь Ажил олгогчид төдийгүй даатгалд хамрагддаг иргэдэд дарамт учруулахаар байгаа. Бодит байдлаа хэр зөв тооцсон бэ?

-Тодорхой хэмжээний дарамт болно, нуух юм байхгүй. Гэхдээ одооноос бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019 оноос төсвөөс Тэтгэврийн сан руу нэг их наяд төгрөгийн татаас өгөх шаардлага үүсэж байгаа. Энэ хэмжээний татаасыг төсвөөс хийх боломжгүй. Эх үүсвэргүй учраас л аргаа бараад хийсэн алхам.

-НДШ-ийг үе шаттай нэмнэ гэж ойлгосон зөв үү?

-НДШ-ийн хувь хэмжээг 2017 онд хоёр, 2018 онд нэг, 2019 онд 2 хувиар тус, тус нэмэгдүүлэх аргачлал боловсруулсан. Ажил олгогч, шимтгэл төлөгч хоёрт аль болох бага дарамт учруулах хувилбар гэж бодож байна.

Мөн тэтгэврийн насыг огцом нэмэхгүй, үе шаттай нэмэгдүүлнэ. 2026 он гэхэд эрэгтэй 65 нас хүрч тэтгэвэртээ гарах бол эмэгтэй нь 2036 оноос 65 насандаа тэтгэвэрт гарна. Эхний жил тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэх гэх мэтчлэнээр үе шаттай явна. Хүн амын цонх үе, ажиллах хүчин, Нийгмийн даатгалын сангийн ачаалал, хүн амын дундаж наслалт гээд олон зүйлийг тооцож, энэ шийдвэрийг гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай нэмэгдүүлнэ. Яаж нэмэх юм?

-1.5 сая төгрөг хүртэлх цалинд ногдуулах татварын хэмжээ 10 хувь хуучнаараа, 1.5-2.5 сая төгрөгийн цалинд ногдуулах татварыг 15 хувь, 2.5-3.5 сая төгрөгийн цалинд ногдуулах татвар 20 хувь болж өснө. Хувь хүний үйл ажиллагааны орлого 10 хувь хэвээрээ байна.

-НДШ, Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхийнхээ оронд үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулж болоогүй юм уу?

-ОУВС ийм төрлийн татварыг нэмбэл яасан юм бэ гэж санал гаргаснаас биш бид ийм татварыг бий болгоё гээгүй. Хэлэлцээр маш хүнд нөхцөлд явсан.

Орлого нэмэгдүүлэх хүрээнд татвар бий болгоё, нэмэгдүүлье гэвэл хүлээгээд л авах байх. Гол асуудал бол өрийн тогтвортой байдал бий болгох шаардлагатай. Зарлагаа сул тавиад орлогоо давуулаад байвал өр хүндэрч байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрыг 580 сая ам.долларын өрөө төлж чадах уу, үгүй юу гээд эргэлзэж байсан биз. Одоо бол айхааргүй болсон.

-НӨАТ бол хөдөлгөөнгүй хуучнаараа байгаа байх аа?

-НӨАТ-ыг 13 хувь болгоё гэхэд нь жижиг аж ахуйн нэгжид дарамт болно гэж ярьж байгаад хуучнаар нь авч үлдсэн.

-Хүүхдийн мөнгө байхгүй болж, хоолны талон болж хувирах гээд байна уу даа?

-ОУВС зорилтот бүлэг рүүгээ нийгмийн халамжаа чиглүүл гэдэг зөвлөмж өгсөн. Энэ дагуу хүүхдийн мөнгийг 40 хувьд буюу эмзэг бүлгийнхэнд олгоно, мөн хоолны талоныг ч давхар олгоно.

-Шатахууны Онцгой албан татвар(ОАТ)-ыг нэмэх боллоо. Бүхий л бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлөх эрсдэлтэй биз дээ?

-Манай улсын бүхий л ОАТ бусад улс орныхтой харьцуулахад бага. Улс орнуудын ОАТ нь дунджаар ДНБ-ийнх нь найман хувьтай тэнцдэг бол манайд хоёр хувьд ч хүрэхгүй байгаа.

Шатахууны ОАТ-ыг долдугаар сарын 1-нээс нэмнэ. Хэсэг хугацаанд буюу энэ оныг дуустал бүсээ чангалахаас аргагүй. Оны төгсгөл гэхэд хувийн салбар талдаа гайгүй болно. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээр төсөвт бий болсон 10.6 хувийн алдагдлыг тус сангаас орж ирэх хөнгөлөлттэй валютаар санхүүжүүлнэ. Ингээд ирэхээр валютын ханшийн өсөлт саарна.

-УИХ 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхдээ татварыг Засгийн газрын өргөн барьснаар батлахгүй байх боломж бүрэн бий биз.

-Байгаа.

-Долоон төрлийн татварыг нэмсэнээр орлого хэдээр нэмэгдэх вэ?

-2017 онд 203.4, 2018 онд 476.1, 2019 онд 497.9 тэрбум төгрөг төсөвт нэмж орж ирэх тооцоолол гарсан.

-Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Татвар нэмэх бодлого сөрөг үр дагавар дагуулахгүй юу. Сонгуулиар та бүхэн ард түмэнд юу амласан билээ?

-Болгоомжлол бий. Ний нуугүй хэлэхэд Засгийн газрын өмнө намаа бодох уу, улсаа бодох уу гэдэг хоёр сонголт байлаа. Улсаа нэгдүгээрт бодоод, намаа хоёрдугаарт тавьсан. Улс байхгүй бол намын хэрэг бий бил үү. Тийм учраас улсын эрх ашгийг нэгдүгээрт тавихаас өөр арга байгаагүй.

Би ч мөн ялгаагүй УИХ-ын 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлээд явж байхдаа олон сайхан зүйлийг ард түмэндээ амласан. Гэхдээ эдийн засгийг сэргээхийн тулд, түрүүчийн хүмүүсийн бий болгосон алдааг засахын тулд зарчмын томоохон арга хэмжээ авахаас өөр арга алга. Алдааг засахын тулд 2016 оны хоёрдугаар хагасыг зарцуулсан, 2017 онд ч мөн үргэлжилнэ.

-Эдийн засгийн нөхцөл байдал яг одоо ямар байна вэ. Таны анх ажил авч байсан үетэй харьцуулахад?

-Дефольтоос ямар ч байсан гаргаж чадлаа.

-Хөрөнгө оруулагчид Монголын зүг эргэх болов уу?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад нэгдмэл төсөвтэй болохоор ажилласан. Монголбанкин дээр явж байсан төсөвтэй адилтгах хөтөлбөрийг зогсоогоод Засгийн газар дээр авсан нь хөрөнгө оруулагч нарт “Монгол Улс санхүүгийн сахилга бат бий болгохын тулд Засгийн газар нь хүчин чармайлт тавьж ажиллаж байгаа юм байна” гэдэг мессеж өгсөн болов уу.

Хоёрдугаарт, ОУВС -гийн хөтөлбөрт хамрагдана гэдэг нь Монгол Улс санхүүгийн хувьд сахилга баттай болж байна гэдгийг давхар нотолж байгаа хэрэг. Энэ хоёр хүчин зүйлээс шалтгаалж, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд итгэх итгэл сэргэж эхэлсэн.

-ОУВС-гаас олгох валютыг юунд зарцуулах вэ. Төсвийн цоорхойг нөхөх юм түрүүн хэлчих шиг?

-440 сая ам.долларыг Монголбанкинд авчирч валютын нөөц нэмэгдүүлэхэд авна. Үлдэж байгаа гурав орчим тэрбум ам.долларыг 2017-2019 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

-Зээлсэн валютаа төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах нь бодлогогүй алхам биш үү. Төмөр зам гэх мэт Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй төсөл, хөтөлбөрт зарцуулж болдоггүй юм уу. Энэ чиглэлээр ОУВС-тай ярилцаж болоогүй юм уу?

-Төмөр зам зэрэг хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээл авч шийдвэрлэнэ. Турк улс 300 сая ам.доллар зөвшөөрсөн, БНСУ-аас өмнө нь 300 сая ам.доллар авахаар байсан бол сая нэмж 500 сая ам.доллар болгосон. Хятад улсаас 1 тэрбумын зээл авна. Аваад ашиглахаар өрийн хэмжээ нэмэгдэх учраас ойрын гурван жилдээ хөнгөлөлттэй зээлийг авч ашиглахаар тооцсон.

-Хөнгөлөлттэй зээлийн жилийн хүү хэд вэ. Нөхцөлийг нь тодруулбал?

-Жилийн хоёроос доошгүй хувьтай, янз бүрийн томъёогоор бодогдоно. 20 жилээс дээш хугацаатай. Эргэн төлөгдөх хугацаа арван жилээс дээш байна.

-Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэх найдлага бий юу, ойрын хугацаанд?

-Бид зөв ажиллаж чадах юм бол энэ оны төгсгөлд зээлжих зэрэглэлийн рейтингээ 1-2 шат ахиулж чадна.

Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн өр нийлээд 24 орчим тэрбум доллар байна. Дунджаар хүүг нь 10.8-10.9 хувиар бодохоор монголчууд жилдээ гадагшаа 2.4 тэрбум орчим ам.долларын хүү гадагш нь өгч байгаа. Зээлжих зэрэглэлээ сайжруулаад өсгөсөн цагт хүүнд төлөх валютын хэмжээ буураад ирнэ.

Өөрөөр хэлбэл, 10 орчим хувьтай байгаа хүүг 6 хувь руу буулгаж чадвал ойролцоогоор 900 гаад сая ам.долларыг жилд төлөх хүүнээсээ хувийн хэвшил, улс нийлээд хэмнэж чадна. Энэ хэмжээний мөнгийг хэмнэж чадна гэдэг нь төсвийн төлбөрийн тэнцлийн дарамтаас гарна гэсэн үг. Төлбөрийн тэнцлийн дарамт тэрбум орчим байгаа. Ингэж чадсан нөхцөлд Монгол Улс тогтвортой хөгжлийн гараан дээр очино.

Дөрөв, таван жил буруу замаар явчихсан санхүүгийн сахилгагүй байдлыг засахад тодорхой хэмжээний хугацаа шаардаж байна.

Дээр нь Засгийн газар ямар бодлого барьж байна вэ гэхээр нэмүү өртөг бүтээдэг хувийн хэвшлээ дэмжье, төрийн зардлаа нэмэгдүүлэхгүй байя гэдэг бодлого барьж байгаа.

-ОУВС-тай хөтөлбөр тохирохдоо төрийн албыг цомхотгож, зардал хэмнэх талд яагаад ажиллаагүй юм бэ?

-ОУВС-гаас тодорхой шаардлага тавьсан. Бид тохирохдоо арай уян хатан болгох ёстой гэж үзсэн. Хямралтай үед иргэдээ ажилгүй болгохыг урьтал болгосонгүй. Гэхдээ тэтгэвэрт гарсан хүний оронд шинээр хүн ажилд авахгүй. Харин боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүн томилохоор зохицуулалт хийхээр төсөл боловсруулсан.

-Чухал салбарууд дээр ажиллах хүчин нь дутаад эхлэхгүй юу?

-Янз бүрийн л хүсэл мөрөөдөл байгаа. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх хэмжээний орлоготой болж байж л энэ асуудлыг ярих хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй.

-Дэд сайд нараа цомхотгож болдоггүй юм уу. Төрийн томчууд гэрээсээ ажил хүрэхийн хооронд 570 унаж байна, түлшний зардал нь явж өгч байгаа. Эндээс эхлээд хэмнэлт хийх шаардлагатай харагддаг?

-Улаанбаатар хотод том оврын машин унах шаардлагагүй гэдэг УИХ-ын тогтоолын төсөл санаачилчихсан байгаа, төсвийн тодотголтой цуг.

Мэргэжлийн Засгийн газар 13 дэд сайдтай. Манай яамны хувьд дэд сайд хэрэгтэй байгаа, ажил их шүү дээ. Бямба, ням гаригт ч ажиллаж байна.

-Тэгвэл төсөвт байгууллагуудын зардлыг бууруулах талд хэр ажилласан бэ?

-Бүх төсөвт байгууллагын үйл ажиллагааны зардал 2012 оны төвшиндөө буюу 1.5 их наяд байгаа. Нэмэгдээгүй, дандаа бууруулж ирсэн. Эдийн засаг хүндэрсэн гээд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгож бас болохгүй шүү дээ.

-Төрийн алба хэт данхайчихаад байна шүү дээ?

-Тийм ээ, 2012 онд төрийн албан хаагч 140 мянга байсан, болоод л байсан. Гэтэл өмнөх Засгийн газрын үед 180 мянга болж, нэмэгдсэн. Төрийн албыг цомхон бүтцээр ажиллуулах шаардлага байгаа. Төрийн албанд хүн ажилд авч амьдралыг нь шийдэх биш хувийн хэвшилд нэмүү өртөг бүтээдэг салбар луу боломжийг олгож, төрд ажилласнаас хувьд ажиллах нь тухайн хүндээ илүү өгөөжтэй байх бодлого барих ёстой.

Тэгэхгүй бол төрд ажиллана гэдэг нь зардлыг л өсгөөд байна. Төрийн албан хаагч нэмүү өртөг бүтээхгүй шүү дээ.

-Тэр чиглэлийн бодлогыг танай нам намрын чуулганы хугацаанд хэрэгжүүлж чадсан уу?

-Хэрэгжүүлэх гээд л үзээд байна шүү дээ. Тэр тусмаа эдийн засгийг сэргээнэ гэдэг ганц далайлтаар цавчаад л тэр даруй үр дүн гаргадаг ажил биш. Цаг тутам, минут, секунд тутамд бодлоготой явж үр дүн гарна. Өнөөдөр хэлээд маргааш бүтчихгүй, тодорхой хэмжээний цаг хугацаа шаардана.

-Том төслүүд хөдлөх үү, энэ онд?

-2017 оны төсвийг батлуулахдаа эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэхийн тулд таван том төслийг хөдөлгөхөөр оруулсан. Үүнд Тавантолгойн ордыг, төмөр замтай нь. ТЭЦ -3-ын өргөтгөл, Гацуурт төсөл, цахилгаан станц байсан. Энэ удаад болгоомжтой хандаад зөвхөн Гацуурт төслийг хөдөлгөхөөр, бусдыг нь 2018 онд болгосон.

-Сар шинээс хойш таныг УИХ-д төсвийн тодотгол өргөн барих болов уу гээд хүлээлээ, өнөөдрийг хүртэл барьсангүй. Засгийн газар дээр боловсруулалт дутаад байна уу эсвэл өөр шалтгаан байна уу?

-Сангийн яам төсвийн тодотголыг бэлэн болгоод Засгийн газраар хэлэлцүүлээд дэмжсэн. УИХ-ын гишүүдийн ирц харж байх шиг байна.

-УИХ-аас болохоор төсвийн тодотгол өргөн бариа л бол УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, ээлжит бус чуулганаа товлоно гэх юм?

-УИХ-ын даргын зөвлөл л хариулах байх. Бид бол Засгийн газраас хамаарах бүхнээ хийсэн.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал