Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2017 Оны 1 Сарын 4

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2017 оны анхны хуралдаан өнөөдөр /2017.01.03/ 14 цаг 26 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхэлж хэлэлцэхээр төлөвлөсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг Улсын Их Хурал дахь намын бүлгийн төлөөллийг оролцуулж байж хэлэлцэх шаардлагатай, иймээс АН-ын намын төлөөлөл хуралдаанд ирээгүй учраас хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасан юм. Уг саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга Н.Энхболд тус Байнгын хороонд харьяалагддаг АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нар хуралдаанаас албан ёсоор чөлөө авсан. Мөн АН-ын бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа энэ хуулийн төслийг хамтран санаачилсан гишүүний хувьд бүлэг дээрээ ярилцаж санал солилцсон байх гэж бодож байна. Хуулийн төслийг хэлэлцэж батлах цаг хугацаа шахуу байгаа, нөгөө талаар одоо хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байгаа учраас хэлэлцүүлгийн дараагийн шатанд саналаа тусгуулах бүрэн боломжтой гэдгийг хэлэв.

Харин О.Баасанхүү гишүүн энэ хуулийн төсөл нь зөвхөн зохион байгуулалтын төдий биш тогтолцооны асуудлыг хөндсөн, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн агуулгатай заалт байгаа тул хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ хэлээд Байнгын хорооны хуралдааныг орхиж гарав.

Ингээд Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлаа баталж, эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлдээ, хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан зарчмын болон найруулгын зарим засвар өөрчлөлт хийж боловсруулсан. Олон намын төлөөлөлтэй Улсын Их Хурал байх үед олонхийн зөвшилцлөөр гаргасан хуулийг суурь болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай өмнөх хуульд байсан шаардлагатай гэж үзсэн зарим зарчим, зүйл, заалтуудыг тусгасныг онцлон дурдав.

Уг хуулийн төсөл нь 14 бүлэг, 103 зүйлтэй агаад Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтуудыг төсөлд хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгажээ. Мөн 2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль явуулахад гарсан бэрхшээлтэй, хэрэглэхэд төвөгтэй зарим заалтыг Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн хассаны зэрэгцээ ойлголтын зөрүүтэй зарим заалтуудыг тодруулж өөрчлөн найруулсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгажээ. Мөн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авдаг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон байна.

Саналын нууцлалыг хадгалах битүүмжилсэн хавтас, дугтуйны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтэд нэмж оруулах шаардлагатай гэсэн саналыг Сонгуулийн төв байгууллагаас гаргасныг төсөлд тусгажээ. Мөн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын зарцуулалтын зэрэгцээ сонгуулийн зардлын төлөвлөлтөд төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж байх асуудлыг нэмж зохицуулжээ.

Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт байхгүй байсныг төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргээр нарийвчлан тогтоож өгөх нь зүйтэй гэсэн Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн нэмж оруулжээ. Харин Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг хуулийн төсөлд хэвээр үлдээсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Жавхлан нар төсөл санаачлагч гишүүд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өмнөх Улсын Их Хурлаас баталсан Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн төсөлд санал авах үед хууль тус бүрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулиа боловсронгуй болгох нь зүйтэй, иймээс Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн саналаа Сонгуулийн төв байгууллага тухайн үед нь өгч байсан, одоо ч тэр байр суурин дээрээ байгаа.

Иймээс гишүүдээс санаачлан боловсруулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа, тодорхой санал өгсөн нь төсөлд тусгагдсан. Энэ төсөл нь өмнөх сонгуулийн үед гарч байсан алдааг засч залруулсан гэж үзэж байгаа. Тухайлбал, Сонгуулийн тухай хуульд хилийн цэрэгт алба хаагчдын бүртгэлийн асуудлыг тодорхойгүй орхисон байсныг энэ төсөлд нэмж тусгаж өгсөн. Мөн сонгуулийн хуулийн заалтыг хольж хутгаж хэрэглэх явдал өнгөрсөн сонгуулийн явцад олонтаа гарч байсныг тухайн үед нь Сонгуулийн төв байгууллагаас зөвлөмж гаргах замаар засч залруулж байсныг шинэ төслөөр нэг мөр зохицуулсан гэдгийг хэлж байв.

Мөн төсөл санаачлагч гишүүн Н.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Сонгуулийн тухай зэрэг өмнөх хуулиудын гол зарчим, үзэл баримтлалыг хэвээр хадгалж, илүү боловсронгуй, харилцааг нь илүү сайжруулсан зохицуулалт, давуу талуудыг шинэ хуулийн төсөлд авч хэрэглэхэд төсөл санаачлагчид анхаарсан. Өмнөхөөс дордуулсан зүйл байхгүй. Гол нь сонгуулийн зохион байгуулалтын шинжтэй асуудлыг энэ хуулиар зохицуулж байгаа гэдгийг тодотголоо.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.

Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсгол зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарч байгаа. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан байна. Харин “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах” тухай Улсын Их Хурлын тогтооолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох, уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан санал хэлсэн юм. Тэрбээр, Нийтийн сонсголын тухай энэ товчхон хуулийг ”амь оруулах” цаг нь болсон. Гэхдээ юм болгоноор нийтийн сонсгол хийнэ татаж аваад байж таарахгүй, иймээс ажлын хэсэг гаргаж Нийтийн сонсгол зохион багйуулах тухай журмын төслийг нухацтай хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ