Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав

2016 Оны 12 Сарын 2

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.12.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 16 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы хуралдаанаар эхлээд Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Шинэчилсэн найруулгын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хийсэн. Ингэхдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засваруудыг хийсэн юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ингээд уг хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Үргэлжлүүлэн Боловсруулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулгадаа Улсын Их Хурал 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан ч, үүнтэй холбоотойгоор хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болоод байна. Дээд боловсролын тухай хуулийн 11.2-т “Их сургууль, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ” гэсэн заалт хэвээр мөрдөгдөж байгаа боловч нэмэлт өөрчлөлтөөр Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлтэй холбогдсон харилцааг Дээд боловсролын тухай хуулиар зохицуулна” гэсэн заалтыг нэмж оруулснаар Удирдах зөвлөлтэй холбогдсон харилцаа нь утга, агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй хоёр хуулийн зохицуулалттай болсон гэдгийг онцлов.

Тэрбээр, Боловсролын тухай хуулийн 36.2-т “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51- 60 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна” гэж, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 111-т “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувь... төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд орох төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно” гэж тус тус заасан нь төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч буюу төр нь төлөөллөөрөө дамжуулж удирдлагаа хэрэгжүүлэх зарчим алдагджээ хэмээв.

Боловсролын тухай хуулийн 28.1.12 дахь заалтаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн өмчит их дээд сургууль, коллежийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлдөг байсан зохицуулалтыг хүчингүй болгосон нь мөн хуулийн 36.12-т “Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно” заасан нөхцөл байдал бий болоход тухайн захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг ямар албан тушаалтан хэрэгжүүлэх нь тодорхойгүй болсон гэж сайд Ж.Мөнхбат танилцууллаа.

Түүнчлэн Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг Боловсролын тухай хуульд заасан 51- 60 хувь байснаас 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө ашиглах, хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлыг бий болсон байна.

Иймд дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах, дээд боловсролын байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох зорилгоор Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр болон тус яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Занданшатар, Н.Учрал нар хуулийн төслүүдийг дэмжсэн эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Занданшатар их дээд сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчлөхийн тулд хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэж байсан бол УИХ-ын гишүүн Н.Учрал боловсролын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай ч бүхэлд нь бодлогтойгоор хандсан төсөл боловсруулах хэрэгтэй гэж байв.

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулгадаа Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай 4.2-т “Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасан. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага болон нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэн төсөл боловсрууллаа гэдгийг дурдав.

Тэрбээр Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр, хуулийн төслийн хэсгийг хууль санаачлагчаар нь буюу Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан боловсруулах хуулийн төсөл гэж ангилж, Засгийн газраас санаачлан боловсруулах хуулийн төслийг сайд нарын эрхлэх асуудлын хүрээгээр нь тус тус ангилан тусгасан болно. Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төсөл, үүнээс 2016 онд -31, 2017 онд- 131, 2018 онд-71, 2019 онд-24, 2020 онд-3, нийт 16 Улсын Их Хурлын тогтоолын төсөл, үүнээс 2016 онд-4, 2017 онд-11, 2018 онд-1 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан гэдгийг онцолж байв.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 260 хуулийн төслийг хууль санаачлагчаар нь авч үзвэл, Засгийн газар-239, Улсын Их Хурлын гишүүд-17, Монгол Улсын Ерөнхийлөгч-4 хуулийн төсөл тус тус санаачлахаар, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хувьд Засгийн газар-12, Улсын Их Хурлын гишүүд-3, Монгол Улсын Ерөнхийлөгч-1 тогтоолын төсөл тус тус санаачлахаар тогтоолын төсөлд тусгасан байна.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдснаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой гэдгийг сайд С.Бямбацогт онцлов.

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Х.Баделхан, Х.Болорчулуун, Н.Энхболд, С.Чинзориг, Г.Мөнхцэцэг, О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд Монгол Улсад хэрэгжиж байгаа 600 хууль байгаа ч байсхийгээд нэмэлт, өөрчлөлт оруулж хууль, эрх зүйн орчинг тогтворгүй байдалд оруулж байгааг шүүмжлээд энэ асуудалд салбарын яам ямар байр суурьтай байгааг тодруулж байв. Санал хэлсэн гишүүдийн олонхи нь үндсэн чиглэлийн төсөлд тусгасан 300 орчим хуулийн төслийг хэлэлцэх биш, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үндсэн чиглэлийн төслөө чиглүүлж, томоохон хуулийн төслүүдээ багцалж, хумьж хэлэлцэх нь зүйтэй гэж байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Нийгмийн өргөн дэлгэр харилцаанаас үүдэлтэйгээр хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байна. Нөгөө талаас энэ бүхэн нь эргээд хууль, эрх зүйн орчинг тогтворгүй болгож байгаатай санал нэг байгаа юм. Тиймээс УИХ, Засгийн газар нь 3-5 жил хэрэгжих даацтай хуулийг батлах хэрэгтэй байна. Салбарын зүгээс үндсэн чиглэлийн төсөлд оруулж байгаа хуулийн төслүүд дээр судалгаа хийгээд хуулийн давхардалгүй, холбогдох хуулиудтайгаа уялдаатай, зөрчилгүй байх талаас нь хандсан гэж хариулсан юм.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг, 58 зүйлтэй аж. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулав. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нар оролцсон юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт илтгэлдээ Улсын хилийн аюулгүй байдлыг хангах, хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомт, түүнд мөрдөх журмын зохицуулалтыг боловсронгуй болгох, хилийн нөхцөл байдал, байгаль орчин, цаг агаар, физик, газар зүйн онцлогт тохируулан улсын хил хамгаалалтыг бүсчилэн зохион байгуулах, хилийн аюулгүй байдлыг хангах төрийн байгууллагын тогтолцоо, хилчдийн эрх зүйн байдал, улсын хил хамгаалалтад иргэн, байгуулагын оролцоог шинэчлэн тодорхойлж, хуульчлах шаардлагатай болжээ. Түүнчлэн Монгол Улсын хилийн тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульд хэрэглэсэн нэр томъёог олон улсын эрх зүйн зарчим, Улсын Их Хурлаас баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага зүй ёсоор гарч байгааг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг дурдлаа.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэсэн нэр томъёо бусад хуулинд хэрэглэгдэж буй нэр томъёотой давхардсан, ижил зохицуулалтыг агуулсан, эсхүл өөрөөр тодорхойлох зэргээр зөрчилдөж байсныг хуулийн төсөлд шинээр тодорхойлж тусгасан байна. Уг хуулийн төслийг дагалдуулан 15 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох төслүүдийг боловсруулсан аж.

Мөн манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болж байгаа тул төсөлд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулж, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахтай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэдгийг сайд С.Бямбацогт онцоллоо.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж 10 гаруй УИХ-ын гишүүн  асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэх байсан ч хуралдааны цаг дууссан учир түр завсарлав. Иймд маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ