С.Баяр: Бид өөрсдөө л засна…

2016 Оны 5 Сарын 30

Улстөрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсантай зэрэгцээд МАН-ын туршлагатай кадруудын нэг С.Баярыг намынхаа сонгуулийн ажилд оролцохоор эргэн ирлээ гэх мэдээлэл гараад байгаа. Хэдийгээр тэр өөрөө үүн дээр албан ёсны тайлбар хийгээгүй ч, С.Баярын үг хийгээд үйлдэл үнэ цэнээ алдаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Ер нь МАН-ын тухайд хэзээнээсээ дотоод эв эеийг сахих тал дээр тулхтай байр байдлыг сахиж ирсэн намын хувьд тодорхой цаг үеүдэд намынхаа ачааны хүндийг үүрч явсан хүмүүсийнхээ үгийг сонсож, үйл ажиллагаандаа тусгахыг нь тусгаж явах бодлоготой байгаа болов уу. Тэгээд ч нам гэдэг бол багаараа алсыг харсан шийдвэр гаргаж, хийж, хэрэгжүүлэхийг зорьсон хүмүүсээс бүрддэг бүтэц юм.

Тэрчлэн Монголын улстөрд урвалт, шарвалт, жудаггүй байр байдал газар авсан энэ он цагт С.Баяр “Өдрийн сонин”-д  өгсөн ярилцлагадаа  “-Монголын ардчилал буруу төлөвшиж байгаагийн илрэл нь энэ. Хорин таван жилийн өмнө, ардчилсан реформын эхэн үед ийм байгаагүй. Эрийн жудагтай, эрхэмлэх зарчимтай улс төр бол байсан. Бид Улсын Бага хурлын үеэ дурсан санах дуртай байдгийн учир нь энэ. Ардчиллын “романтик” үе гэдэг дээ. Одоо юм их өөрчлөгдөж, муу аргаар бүхнийг шийдэх гэдэг болж. Тийм шийдвэр нь насгүй гэдгийг ч ойлгох ухаан алга. Бүр эвдэрчихээгүй, бүрэн архагшаагүй дээр нь уг нь засаад авах юмсан.”  гэсэн байдаг. Сэтгүүлч түүнээс  “-Хэн үүнийг засах юм бэ, тэгээд?” хэмээн асуухад тэрээр  “-Бидний өмнөөс хэн нэгэн засаад өгнө гэж байхгүй. Бид өөрсдөө л засвал засна. Хүний мөсгүй, жудаггүй ийм улс төрийг хазаарлаж хэн чадах вэ. Бүхнийг муу аргаар шийдэх гэсэн тийм улстөрчдийг хэн цээрлүүлж чадах вэ. Монголын улс төрийг уламжлалт ёс зүй, зан суртахуун, хүн чанарт нийцүүлэн, үгүй дээ л гэхэд “Бид чинь дэндүү цөөхүүлээ ш дээ” гэсэн бодит үнэнд нийцүүлэн цэгцэлж хэн чадах вэ? Монголын нийгэм л чадна. Нийгэмд сайн, муу мэдээ хүргэж, орчноо дэнслэх үүрэгтэй сэтгүүлчид л чадна. Дөрвөн жилд нэг удаа сонгох эрхээ эдэлдэг сонгогчид л чадна. Өөр хэн ч чадахгүй. Гэтэл яаж байна. Бурууг жигших бус, улам өөгшүүлэх болж. Хийсэн нь буруутдаг, хийрхсэн нь манддаг болж. Зарчимтай нь хохирдог, зарчимгүй нь завшдаг болж. Яагаад тэр вэ. Нийгэм маань өнөөдөр үнэн бодит мэдээллээр гачигдаж байна. Тийм учраас харанхуй, харанхуй учраас дорой, дорой учраас мууд идүүлж байна. Яах ёстой вэ гэж чи надаас асуулаа. Чи сэтгүүлч шүү дээ. Үнэн бодит мэдээллээ нийгэмд өг л дөө. Гэрэл гэгээ нэмж харанхуйгаас нь гарга л даа. Буруу зөв, буян нүглийн тухай эгэл жирийн уламжлалт ойлголтоо сэргээхэд тусал л даа. Улс төрөө улс төр, эдийн засгаа эдийн засаг, сэтгүүл зүйгээ сэтгүүл зүй болгоход хүчин зүтгэ л дээ… Улстөрчид шийдвэр гаргах үүрэгтэй. Улс төр гэдэг бол эцсийн дүндээ тодорхой шийдвэр л юм. Өөр юу ч биш. “Сүүлийн хорин таван жилийн тухай бичиж байгаа юу” гэж чи надаас асуугаад байна. Би харин энэ тухай л бичих гэж оролдож байгаа. Сүүлийн хорин таван жилд олон том шийдвэр гарсан байдаг.

Зарим нь оносон, зарим нь оноогүй байж мэднэ. Аливаа шийдвэр сэтгэлээр дамжиж, тархинд боловсордог. Гэхдээ нэг шийдвэр өөр хүмүүст өөр, өөрөөр тусна. Адил тусна гэж байхгүй. Тийм ч учраас маргаан дагуулдаг. Маргахад буруу байхгүй. Маргаанаас л үнэн төрдөг. Миний байр суурь бол миний л байр суурь. Зөв ч байж болно, буруу ч байж мэднэ. С.Баяр гэдэг хүний хувьд аль нэгэн шийдвэр тухайн үедээ яаж туссан, шийдвэр гаргах тэр үйл явц надад яаж харагдаж, яаж мэдрэгдсэн, шийдвэр гаргах тэр орчин тойронд юу болж байсан тухай миний сэтгэгдэл сонин байж мэднэ. Асуудал шийдэж байж амьдрал өрнөдөг, улс орон хөгждөг. Тэрнээс юу ч шийдэхгүй, юу ч хийхгүй орон тоо бөглөж суугаа нэг, хоёр, гурван… бүр гучин этгээдийн хоорондын хувийн харьцаа бол ёстой сонин биш.” хэмээн хэлсэн байгаа юм.

Ер нь бол С.Баяр туршлагатай улстөрчийн хувиар Монголын улстөрийн нөхцөл байдал хийгээд улстөрөөс хамаарсан нийгэм эдийн засгийн талаар оновчтой дүгнэлтийг хийж, гарц шийдлийн талаар ч өөрийн байр сууриа илэрхийлж ирсэн билээ. С.Баяр нэгэнтээ “Хамтарч нэгдсэнээс үүдсэн зовлон гэж байхгүй. Харин хагарч талцаснаас үүдсэн зовлон гэж зөндөө. Монголчууд бид үүнийг сайн мэдэх учиртай улс. Хамтарсны хүчээр Монгол улс маань ямагт сэрж,  сэргэж байсан. Харин хагарч бутрахаараа л унаж доройтдог түүхтэй. Хамтарсан Засгийн газар байгуулсны ачаар улсын маань эдийн засаг хоромхон зуур сэргэж хүчээ авсан. Өсөлтийнхөө хурдаар дэлхийд тэргүүлж, шагшигдаж байсан маань ингэхэд өчигдөрхөн биз дээ. Гэтэл өнөөдөр юу болж байна. Бүх юм эргээд унаж доройтож байна. Эцсийн дүндээ энэ бол хагарч талцасны л хар гай. Хамтарч чадахгүй, хамтрахыг хүсэхгүй байгаагийн балагтай үр дүн. Үүнд бол  би харин харамсч явдаг. Хараах, ерөөхийн хувьд гэвэл тухайн хүнийхээ санаа бодлоос л  болно. Хувиа бодвол хараах л байх. Би сайд, дарга болох байтал өөр намын хүнийг болголоо гэдэг ч юм уу. Улсаа бодвол ерөөх л байх. Монголчууд бид тус тусдаа ухантаж явснаас хамтаараа ухасхийж байна гэдэг талаас нь харвал шүү дээ.”  хэмээн хэлсэн байдаг.

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд С.Баяр амбицаа бол татсан гэдэгтээ бат зогсох байх.Учир нь тэр өөрөө хэлэхдээ “Цагийн юм цагтаа гэдэг. Нэг урсгалд хоёр ордоггүй. “Энэ баагий одоо болиод өгөөсэй билээ” гэж ил далд чичлүүлж, нүдний булай болохгүй л юмсан  гэж би боддог. Урд өмнө нэг амилуулсан дүрдээ хэт итгээд, түүнийгээ санагалзаад,  тайз руу байн байн ухасхийгээд байх онцгүй. Дахин хэлъе. Би амбицаа татсан.” хэмээн гурван жилийн өмнө хэлж байсан юм. Тэгэхээр түүний хувьд сүүлийн өдрүүдэд олны өмнө гарах болсон нь хувь амбицдаа хөтлүүлсэндээ бус  улс орны ирээдүйтэй холбоотой том эрх ашигтай холбоотой л болов уу.

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ