Р.Болд: Буруу улс төрийн хүчин сонговол яаж балардаг вэ гэдгийг бид мэдэрлээ

2016 Оны 5 Сарын 2

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд нарын гишүүд Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань суманд өнгөрсөн бямба гаригт иргэдтэй тайлан уулзалтаа хийлээ.  УИХ-ын гишүүд Төв аймгийн "Андууд" худалдааны төвийн түрээслэгч, худалдан авагчидтай уулзаж, ярилцав. 

Тус төвд бизнес эрхлэгчид эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн худалдан авалт буурсныг, иргэний үнэмлэхээ барьцаанд тавиад өр зээл тавьдаг дүр зураг энгийн үзэгдэл болсныг гишүүдэд учирлаж байв. Дээр нь "Андууд" худалдааны төвийн түрээс нэмэгдсэн нь байдлыг улам хүндрүүлж байна гэсэн юм. Эндхийн наймаачид урагшаа Эрээн, Манжуураас бараагаа татдаг юм байна. Сүүлийн хэдэн саруудад худалдан авагчид өр төлбөрөө өгөхгүй, барааны гүйлгээ муу байгаа тул сул зогсолт хийчихээд байна гэж ярих хүн ч байлаа. 

Үүний дараа Төв аймгийн Солонго кино театрийн зааланд Төв аймгийн иргэд сонгогчидтой УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Су.Батболд нар уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавилаа. 

УИХ-ын дэд дарга М.Энхболд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өгөв. Тэрбээр "Эдийн засгийн хямралт байдал бий болох хэрээр ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байгаа. 2012 онд ажилтай болохоор Хөдөлмөрийн биржид санал хүсэлт гаргасан хоёр хүн тутмын нэг нь ажилтай болж чаддаг байсан бол энэ оны байдлаар таван хүний нэг нь ажилтай болж байгаа. Ажилгүйдлийн түвшин 6.5 хувьд хүрсэн. Ажил эрхлэхгүй, олдохгүй байгаа хүмүүст 18-35 насныхан багтаж байна. Залуучуудад хүндрэл учирсан халтай он жилүүд  болж байна. Төр засаг зургаан сар тутамд иргэдийн амьдрал ямар байгааг судалдаг байсан.Гэтэл одоо хоёр жил тутамд нэг удаа иргэдийн амьдрал ямар байгааг судалгаагаар харна гэж байгаа юм. Дээр нь эрх баригчид орлого багатай иргэдийн тоо 2.6 хувиар буурсан гэдэг статистик хэлж байгаа. Бодит байдал дээр 20, 30 хувиар өссөн нь нүдэн дээр илхэн байна шүү дээ" гэлээ.  Түүнчлэн иргэдийн зүгээс ихээхэн хүлээлттэй байсан МАХН-тай эвсэх асуудал яагаад урагшлаагүй вэ гэдгийг орон нутгийн иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлав. Товчхондоо МАН-аас  МАХН-тай эвсэх асуудалд санал, санаачилга гаргаж, олон удаа буулт хийсэн. МАХН-ынхан өмнө нь яг таг болж, гарын үсэг зурсан баримт бичгээсээ буцаж, өөрсдөдөө хэт давуу байдал үүсгэх албан тушаалын заалтуудыг нэмэхийг шаардсан нь хоёр нам эвсэх асуудлыг гацаанд оруулсныг хэлж байлаа. 

. УИХ-ын гишүүн Н.Энхболд  хуулийн завхрал бий болж байгааг онцлон дурдав. Тэрбээр "Ямар сайндаа Төрийн албаны зөвлөлөөс Монголын төрийн алба Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах хэмжээнд хүрлээ гэж дүгнэлт гаргаж байх билээ. Төрийн ажил хийх дадлага, туршлагагүй, дээр нь их зантай, намчирхдаг залуучууд яам, тамгын газар сууж байна. Энэ бол бидний санаа зовох ёстой зүйл. Хэрэг үүсгээд тэр хэргийг нь шалгаад ирэхээр өнөөхийг нь зохион байгуулалттайгаар эсэргүүцдэг, улстөржүүлдэг,  хэрэгт шалгагдаж, байгаа хүн нь "Намайг шалгаж байгаа хүнийг ажлаас нь соль" гэдэг үүрэг даалгавар өгдөг ийм тогтолцоо руу Монгол орлоо. Иймэрхүү улс төрийн хүчин Монголыг цааш нь аваад явбал амьтны нийгэм шиг болох нь гэж би дотроо санаа зовж байна" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Су.Батболд Сонгуулийн тухай хууль болоод Үндсэн хуулийн Цэцийн намын нэрсийн жагсаалтыг байхгүй болгосон шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Су.Батболд гишүүн хэлэхдээ " Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг хэлэлцэх асуудлаар "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авсан.  Хэрвээ УИХ Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авбал УИХ- дээр мажоритор тогтолцооны гишүүдийг 76 тойргоос 76 гишүүн сонгох уу, 26 тойргоос 76 гишүүнийг олон мандаттай сонгох уу гэдэг хоёр хувилбарын талаар ярих шаардлага үүснэ. Нэгэнт иргэд сонгогчид намын жагсаалтыг буруушааж байгаа учраас мажоритор тогтолцоо руу ороход болохгүй гэх зүйлгүй гэсэн намын бүлгийн дүгнэлт гаргасан. Сонгогчдын хувьд сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр ойлгомжгүй, төвөгтэй байдал үүсэхгүй. Яагаад гэвэл  манай иргэд таван удаагийн УИХ-ын сонгуульд оролцсон, өмнө нь мажоритороор санал өгч байсан. Тиймээс хариуцлагатай сонголт хийхэд л болно" гэсэн юм.

Ийнхүү УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Су. Батболд нар мэдээлэл өгсний дараа иргэд тэднээс улсын өр зээл, тэтгэврийн нэмэгдэл, сонгуулийн тогтолцооны талаар асууж байв.

Л.Бадамжав: МАН бүх шатандаа ялахаас өөр сонголт алга

-Аймаг, дүүрэг, сум, баг бүх шатандаа Монгол Ардын нам ялахаас өөр ямар ч сонголт алга. Өнгөрсөн дөрвөн жилд амьдрал бидэнд бодитоор нь харууллаа. МАН ялагдахаар улс орны байдал яаж ороо бусгаа болж байгааг харлаа, мэдэрлээ. Манай Төв аймгаас сонгогдсон гишүүдийг би хувьдаа сайн ажиллаж байгаа гэж боддог. Би уг нь МАХН-тай яагаад эвссэнгүй вэ гэдгийг тодруулах гэж байсан юм. Сая хариултыг нь сонслоо. МАН ирэх дөрвөн жилд иргэдээ энэ хүнд байдлаас гаргах тийм мөрийн хөтөлбөр боловсруулж чадсан уу. Ямархуу өнгө төрхтэй хөтөлбөр гарч байгаа бол. 

Ж.Цэрэндорж:  Хар машинаар сонгуулийн үр дүнг луйвардчихвий гэж санаа зовж байна

-Үндсэн хуулийн Цэц хуулиар тоглож байна. Өмнө нь холимог тогтолцоог болж байна гээд байсан биз дээ. Гэтэл сонгууль болохоос хэдхэн сарын өмнө "Мажоритор тогтолцоогоор явуулна" гэдэг нь ямар учиртай юм. Сонгууль болохоос зургаан сарын өмнө  сонгуулийн хуульд "гар хүрч" болохгүй гэсэн заалт байдаг. Улс төрөөр тоглож байна гэх үү, хуулийг мушгин гуйвуулж байна гэж ойлгох уу.  Та нар ирэх сонгуульд гарлаа гэхэд их хатуу цагт хүнд нөхцөлд ажиллах нь байна шүү. Тиймээс ухаалаг шийдвэр гаргаж, ард түмэнтэйгээ ойр ажиллах хэрэгтэйг захимаар байна. Ард түмнээсээ төлөв байдлыг улстөрчид асууж байгаач.  Сонгуулийн үр дүнг хар машин луйвардчих болов уу гэсэн айдас төрөөд байх юм. Дээр нь ард түмний амьдрал хэцүү байна. Хэн алгыг нь дээш харуулна түүнд санал өгчихвий гэж зовж байна. 

Д.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарт хариуцлагагүй асуудал гарч байна

-Манай аймаг ажил, амжилтаараа дандаа дээгүүр байранд ордог байсан. Гэтэл саяхан манай аймаг 22 дугаар байранд орсон гэх мэдээллийг хүнээс дам сонслоо. Эрүүл мэндийн салбарт хариуцлагагүй асуудал их гарч байна. Хэдхэн хоногийн өмнө Архустын эмнэлэгт дэлбэрэлт болж, тэнд хүүхдээ сахиж байсан ээж амиа алдсан байна. Энэ ямар гамшиг вэ. Энэ газарт мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан юм уу. Ер нь ажилдаа хариуцлагатай мэргэжлийн хүнээ ажиллуулахгүй яагаад халж сольж байдаг юм бэ.

Р.Болд: Буруу улс төрийн хүчин сонговол яаж балардаг вэ гэдгийг бид мэдэрлээ

-Улс төр, нийгэм, эдийн засгийн талаар бодитой мэдээлэл иргэдэд дутагдалтай байна. Та бүхэн манай аймгийн 27 суманд ажиллав уу. Хэр олон хүнтэй уулзсан бэ.  Монголчууд буруу улс төрийн хүчнийг төрийн толгойд гаргавал яаж балардаг вэ гэдгийн горыг амсч байна. Дээр нь төрийн томчууд гэмт хэрэгт холбогдлоо гэсэн мэдээлэл цацагдаж байна. Хамгийн сүүлд гэхэд  женко Х.Баттулгыг "Шинэ төмөр зам" төсөл,  Сайншанд аж үйлдвэрийн парктай холбоотой асуудлаар шалгаж, ойр тойрны хүмүүсийг байцааж байна. Иймэрхүү хууль бус зүйлийн талаар УИХ хэлэлцдэг юм уу. Яагаад чимээгүй байж байгаад замхруулчихаад байдаг юм бэ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Х.Баттулга болон Д.Дорлигжав нарын талаар ноцтой баримт дэлгэсэн ярилцлага удаа дараа өгч байсан. Яриад л байдаг мөртлөө тэр хүмүүсийг яагаад шалгадаггүй юм бэ. Их, хурал байнгын хорооны түвшинд ер нь энэ асуудлуудыг ярьдаг юмуу гэдгийг сонирхмоор байна

Иргэдийн асуултад гишүүд багцалж хариулахдаа "Эрүүл мэндийн салбар хариуцлагагүй байгааг хүлээн зөвшөөрсөн. Монголд устаж үгүй болсон өвчний жагсаалтад орж байсан Улаанбурханы дэгдэлт ихэсч олон хүүхдийн аминд хүрсэн, эмч нар нь жагсаал цуглаан хийдэг, сайдгүй байгаа зэргээс үүнийг харж болно" хариуллаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар иргэдэд мөрийн хөтөлбөрийн тухай ярих хуулийн хугацаа эхлээгүй гэдэг шалтгаанаар тодорхой хариулт өгөөгүй юм. Гэхдээ нийгмийн салаа мөчир бүрт сэргэлт авчрах тийм хэмжээний тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөр боловсруулж, Аудитаас дүгнэлтээ авч, СЕХ-нд хүлээлгэн өгснөө хэллээ. Төв аймгаас сонгогдсон төрийн түшээдэд иргэд ам сайтай байгаа нь уулзалтын уур амьсгалаас мэдрэгдэж байв. Уулзалт хийсэн сум болгонд заал дүүрэн байж, гишүүдээс хөрөнгө санхүү шаналгахаас илүүтэй өрхийн үйлдвэрлэл, аж ахуйг нь дэмжсэн хууль тогтоомж, гарган дэмжиж өгөхийг хүсч байсан юм.

Ц.Оюунтунгалаг